Лондонд Олимпийн наадам дээр шуугиан дэгдэв. Хятадын эмэгтэй усанд сэлэгч Е Шивэнь генийн сэргээш хэрэглэсэн байж магадгүй гэж Америкийн усанд сэлэлтийн дасгажуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Жон Леонард мэдэгджээ. Генийн сэргээш хэрэглэж байгаа тамирчид тэмцээнд оролцож байна гэж аль хэдийнэ ярьцгааж эхлэсэн боловч орчин цагийн шинжлэх ухаан шинэ үеийн сэргээшийг яаж илрүүлэхийг мэдэхгүй байна.

Жон Леонард британийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, бямба гаригт тогтоосон дэлхийн дээд амжилт нэлээд их сэжиг төрүүлж байна гэжээ. 16 настай бүсгүй 400 метр зайныг 2 минут 0,07 секундэд туулсан нь дэлхийн хамгийн хүчитэй сэлэгчийн нэг америкийн Райан Лохтеоос хурдан сэлсэн үзүүлэлт боллоо.

Ноён Леонардын үг яриа мэдэгдэл төдий л байна. Хятадын эмэгтэй тамирчин сэргээш хэрэглэснийг хэн ч илрүүлэн нотлоогүй. Харин генийн  сэргээштэй тэмцэх албадад сорилт учруулсан нь тод зүйл. Хүний бие организмд генийн өөрчлөлт санаатайгаар гаргасныг хэн ч илрүүлж мэдэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ямар байсан ч ойрын хэдэн жилд илрүүлж чадахгүй бололтой.

Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлагаас эритропоэтины генийг шилжүүлэх хиймэл вирусыг тамирчдад хориглосон бэлдмэлийн цэст бүр 2003 онд багтаасан билээ. Эритропоэтин бол чөмөгт улаан эс үүсгэж олшруулахад тустай гормон (даавар) юм.

Урьд байгаль өөрөө генийн сонголт хийж байсан. Эрдэмтэд спортын хүрээнд шилдэг амжилт гаргах боломж олгох ерийн 200 хөврөлийг илрүүлээд байна. Тухайлбал ХХ зууны 60-д онд олимпийн долоон медаль хүртсэн финлянд цаначин Ээро Мянтюрантын генд EPOR хэмээх ховор хөврөлийг илрүүлжээ. Энэ хөврөлийн ачаар түүний организмд бусдаас илүү их хэмжээний улаан эс үүсч байсан.Одоо ийм хөврөлийг генийн сэргээшийн тусламжтайгаар «захиалж» болох байх гэж спортын эмч Ильдус Ахметов хэлээд

«Ийм бэлдмэл хүнийг илүү их тэсвэр хатуужилтай болгоно. Тухайлбал цанын уралдаан, холын зайн гуйлт, спорт алхаа, дугуй ба завины уралдаанд хэрэглэнэ. Өөрөөр хэлвэл эдгээр нь хар хүч чадал их шаардагдах спортын төрөл» гэв.

Амьтан генийн сэргээш хэрэглэсний үр дүн гайхал төрүүлж байна. АНУ-ын Пенсильванийн их сургуульд өсгөсэн супер хулгана сэргээш үл хэрэглэсэн хулганаас хоёр дахин хурдан гүйж байна. Хүн ийм сэргээш хэрэглэснийг илрүүлэх арга барил одоогоор алга. Испанийн сэргээштэй тэмцэх улсын агентлагийн сэргээшт хяналт тавих лабораторийн захирал Хесус Муньос-Герпра оновчтой арга барил үгүйг тэмдэглэн хэлээд

«Ийм магадлан шинжлэх арга барилыг дөнгөж эзэмшиж эхэллээ. Бид лабораторидаа генийн өөрчлөлт гаргаж мэдэх зарим бодисыг судлаж эхлэсэн. Эдгээр бэлдмэл зах зээлд байгаа. Гэвч бид тамирчид тэдгээрийг хэрэглэж байгааг мэдэхгүй байна. Илрүүлэх арга барил ч алга. Интернетээр ийм гол төлөв хуурамч бэлдмэлийг худалдаж байна» гэв.

Бүх тамирчин хэд дахин илүү тэсвэр хатуужилтай болж, үзүүлэлтээ ахиулахыг мөрөөдөж байдаг. Генийн сэргээш хэрэглэсэн тамирчид аварга болсон байж магадгүй. Гэвч хор холбогдол нь ялалтын ашиг тусаас давамгайлж мэднэ гэж эрдэмтэд анхааруулав. Генийн сэргээшийн хор уршгийг одоогоор хэн ч мэдэхгүй байна.