Лондон хотын засаг захиргааны үйл ажиллагаанд британийн экологчид сэтгэл дундуур байна. Тун удахгүй хотыг утаа нөмрөх гэж байна. Утааг түшмэд ялан дийлж хэзээч чадахгүй юм. Хамгийн гол нь тэд хотын иргэд болон зочидод, утааны хүний биед үзүүлэх сөрөг үйлчилгээг хэрхэн багасгах вэ?, хүний бие муудвал яаралтай тусламж хаанаас авах ёстой вэ? зэрэг мэдээллийг маш муу өгч байгаа юм.

Лондон хотын утаа 700 гаруй жилийн настай юм. Дундад зуунаас эхлээд хотод утаа гаргах болон аж үйлдвэрийн үйл ажиллагааг хориглох зэрэг янз бүрийн зарлигийн тусламжтайгаар хаад асуудлыг шийдэх гээд чадаагүй юм. Энэ хот 19-р зуунаас эхлээд өөрийн манангаараа биш хоолой боогдуулсан шар утаагаараа Европ тивд алдаршсан юм. 1952 онд Лондон хотод утаа хэдэн долоо хоног үргэлжилж сөрөг нөлөөнөөс нь болж 12 мянга орчим хүн амь насаа алдсан байна. Энэ үзэгдлийг хожим нь “Агуу их утаа” гэж нэрлэсэн юм. Энэ үзэгдлийг дахин давтагдуулахгүйн тулд хүрээлэн байгаа орчны тухай хуулийг баталсан юм. Сүүлчийн удаа утаа 2006 онд хотыг бүрхсэн юм. Энэ зуны их халуун, тээврийн хэрэгслийн эрчимтэй ажиллагаа зэргээс болж энэ байдал давтагдаж магадгүй байна гэж “Лондоны цэвэр агаар” компанийн үндэслэн байгуулагч, ерөнхий захирал Саймон Биркетт үзэж байна: «Одоо хотын агаарын бохирдолтын түвшин хангалттай өндөр байна. Цэлмэг тэнгэр, хурц нар, зөөлөн салхи гурвын хослол үндсэн шалтгаан нь болж байна. Өндөр температур дахь хортой хий нь лондоны зуны жирийн нэг асуудал юм. Энэ байдал нь тодорхой өвчтэй хүмүүсээс гадна хотын нийт оршин суугчид болон зочдын эрүүл мэндэд муугаар нөлөөлөнө» гэж тэр ярилаа.

Лондон хотын захиргаа мэдээллийн товхимол гаргаснаас өөрөөр энэ асуудлыг хэлэлцэхийг хүсэхгүй байгаа учир экологчид сэтгэл дундуур байгаа юм. Олимпын наадамд хүрэлцэн ирсэн спортын зочид төлөөлөгчидтэй тэд муу ажиллаж байгаа юм. Энэ утаа тамирчдын амжилтад муугаар нөлөөлөөд зогсохгүй тэдний эрүүл мэндэд хортой гэж Саймон Биркетт ярьж байна: «Энэ жилийн утаа 2003, 2006 онуудынхтай ижил байж болох учраас маш аюултай юм. Ийм нөхцөлд марафон гүйлт болон холын зайн гүйлтийн тамирчидад маш аюултай. Тэдний амьсгалд нөлөөж магадгүй юм. Харин багтраа өвчтэй хүмүүс их хэмжээний эм хэрэглэх шаардлагатай болно» гэж тэр ярилаа.

Олимпын наадам эхлэхээс өмнө Лондонд “цэвэр агаарын” талаар хэрүүл маргаан үүсэн юм. Мониторинг хийдэг станцуудын үзүүлэлтүүдийг хиймэлээр сайжруулхыг оролдож байна гэж хотын захиргааг экологчид буруутгасан юм. Хотын захиргаа энэ буруутгалыг үндэслэлгүй гэж мэдэгдээд бүх хот даяар агаар цэвэрлэх ажил явуулж байна гэж мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар Лондон хотын агаарын бохирдолтыг дунд зэрэг гэж үзэж байна. Спортын зарим нэг төрлийн тэмцээнийг хойшлуулах асуудал яригдаагүй байна. Гэхдээ маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ!!!