Сирийн төр засаг болон сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх талаар дэлхийн хамтын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авах ёстойг Алеппо хотод явуулж байгаа байлдааны ажиллагаа харуулж байна. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан урьд шөнө ингэж мэдэгдсэн байна. Алеппод эмэгнэлт явдал газар авч байна гэж үүний өмнө ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдсэн юм. Сирийн томоохон хот Алеппогийн төлөө энэ өдрүүдэд болж байгаа тулалдаан ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчний хувьд улс орны хувь заяаг шийдвэрлэх асуудал болоод байгаа бололтой. Алеппо хотыг дэглэмийг эсэргүүцэгчдээс амжилттай чөлөөлөх явдал нь бүх том хотууд засгийн газрын хяналтад байгаа гэдгийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой юм. Сөрөг хүчнийхэн Алеппо хотыг эзэлвэл эндээс баруун зүгт оршиж байгаа Идлиб хотыг хяналтдаа оруулахаар санаархаж байна. Хэрвээ ингэж чадвал сөрөг хүчнийхэн Түрк улстай залгаа баруун хойд хилийн дагуу Башар Асадын дэглэмтэй тэмцэл явуулахад ашиглаж болохуйц “аюулгүйн бүс” гэгчийг байгуулж болох юм. Сири улсын талаарх тогтоолыг батлаж чадахгүй санал зөрөлдөөн НҮБ-ын АЗ-д гарч байгаад гайхаж байгаагаа НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан урьд нь илэрхийлэж байсан юм.