Москва сирийн Тартуст флотын материал-техникийн хангамжийн цэгийг хэвээр байлгах төлөвлөгөөтэй байна гэж ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий коммандлагч Виктор Чирков мэдэгдэв.

Эдүгээ Газрын Дундад тэнгист оросын байлдааны 10, хангамжийн 10 онгоц байгааг тэрээр тэмдэглэв. Эдгээр онгоц төлөвлөгөөт байлдааны бэлтгэл хийж байна. 7-р сарын 10-нд Хойд, Балтын ба Хар тэнгисийн флотын хөлөг онгоцны отряд зорилтоо биелүүлэхээр Газрын Дундад тэнгист гарч, түүний дотор Тартуст орох тухай урьд мэдээлсэн билээ. Эдгээр онгоц бараг гурван сар зорилтоо биелүүлэх юм. Тэнгисчид энгийн онгоцуудыг далайн дээрмэчдээс хамтран хамгаалах ажиллагааг сургуулилах тухай ТЦФ-ын жанжин штабаас мэдээлэв.

Орос бол тэнгис далайн гүрэн улс юм гэж Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч хурандаа – генерал Леонид Ивашов үүнтэй холбогдуулан дурдав. Манай орон зогсоол, боомт, тэнгисийн цэргийн баазуудтай байх ёстой гэж тэрээр хэлээд: «Одоо Тартуст байгаа цэгийг тэнгисийн цэргийн бааз гэж болохгүй. Манай энгийн ба цэргийн онгоцуудыг засварлах хөвөгч засврын газар тэнд байгаа. Боомтыг бааз болгохоор тоноглоогүй. Гэвч тэгж тоноглох боломж байна. Тулгуур баазтай болохын тулд түүнийг шинэчилж болно» гэв.

Сирийн тойрны түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх тусам гадаад цэрэг тус улсад цөмрөн орох аюул тулгарсаар байна. Ийн нөхцөлд Тартус дахь Оросын бааз геополитикийн их ач холбогдолтой болно гэж Цэргийн таамаглалын төвийн удирдагч Анатолий Цыганюк үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Орос улс энэ баазыг алдвал Газрын Дундад тэнгист шатахуун хийх, засвар хийх аргагагүй болж мэднэ. Өөр чухал асуудлыг дурдмаар байна. Орос Тартус дахь баазаа алдмагц Сирийг алдаж мэднэ. Тэгсний дараа Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулах бололтой. Үүний улмаас оросын цэргийн кавказын бүлэгт хунд түвэгтэй асуудлууд тулгарна. Иймээс Сирийн тухай өгүүлэх нь Иран улс ба оросын цэргийн кавказын бүлгийн тухай ярьж байгаа хэрэг» гэв.

Одоо Тартуст хоёр хөвөгч зогсоол,засвар, агуулах, хуаран, аж ахуйн барилга байгууламжууд байгаа. Оросын цэргийн 50 тэнгисчин баазад алба хааж байна. 1971 онд Газрын Дундад тэнгисийн шуурхай эскадрын хөлөг онгоцуудыг засварлахаар тус цэгийг Сирид байгуулсан билээ. ЗХУ бутраснаас хойш эскадр үгүй болсон ч бааз нь Тартуст үлдэв. Эдугээ энэ нь Газрын Дундад тэнгис дэх оросын байлдааны онгоцуудын ганц бааз билээ.