Умард Солонгос хэдэн арван байлдааны нисдэг тэрэгээ Өмнөд Солонгостой залгаа усан хил орчимд байрлуулсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан хүмүүсийн мэдээллийг үндсэлэн уламжлав. Тавиад нисдэг тэрэг Шар тэнгисийн эрэг хавийн Тэдан, Нучон нисэх хүчний баазуудад байрлуулжээ. Эдгээр нисдэг тэрэг газар дээрх байг устгах болон шуурхай ажиллагаа явуулах хүчний сургуулийн үеэр хэрэглэдэг гэж мэдээлэлд өгүүлжээ. Бүр ЗСБНХУ-аас худалдан авсан Ми-2,Ми-4, Ми-8 нисдэг тэргүүд тэдгээрийн дотор байна. Заримы нь пулемёт, пуужингаар зэвсэглэжээ. Эдгээр хоёр баазаас нисдэг тэрэг өмнөд солоногосын ойрын Пэннендо аралд хоёр-гурвахан минутын дотор хүрнэ. Пэннендо аралд бааз барих төлөвлөгөөтэй байна гэж өнгөрсөн сард Өмнөд Солонгос мэдэгдсэн билээ. Эдгээр хоёр улс усан хилийн асуудлыг зохицуулаагүй. 1999, 2002, 2009 онуудад хоёр тал эл асуудлаас болж мөргөлдсэн билээ. 2010 онд Умард Солонгос өмнөд солонгосын Йонпхендо арлыг буудсны улмаас Өмнөд Солонгосын дөрвөн иргэн түүний дотор энгийн номхон хоёр хүн амь үрэгджээ.