АОЛ-ийн ГХЯ-ны сайд нар, Сири улсад болж байгаа мөргөлдөөнийг зогсоохын тулд ерөнхийлөгч Башар Асад огцорох ёстой гэж үзсэн байна. Энэ тухай Франс Пресс агентлаг өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн шөнө хуралдсан АОЛ-ийн сирийн асуудлаарх сайд нарын хорооны хуралдаанд оролцогчид Асад албан тушаалаасаа огцрох нь тус улсад “цус урсгах явдлыг зогсооход туслана” гэж үзсэн байна. “АОЛ түүнд туслаж, түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангана гэж” мэдэгдэлд өгүүлсэн байна. Засгийн газрын цэрэг болон сөрөг хүчний зэвсэглэсэн бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн сүүлийн үед даамжирч байгаа тус улсыг “ийм л зоримог шийдвэр аварч чадна гэж” өнгөрсөн хуралдааны дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Катар улсын ГХЯ-ны сайд шейх Хамад бин Жасим аль-Тани хэлсэн байна. Арабын сайд нар “сөрөг хүчин болон Сирийн чөлөөт армийг үндэсний эв нэгдлийн засгийн газар эмхлэн байгуулахыг уриалсан” гэж катарын ГХЯ-ны сайд нэмж хэлсэн байна. Сири улсад байгаа НҮБ-ын бүлгийн төлөөлөгчид тус улсад “засгийн эрхийг энхийн замаар шилжүүлэхэд анхааралаа хандуулах ёстой гэж” хуралдаанд оролцогчид үзсэн байна. Мөн Сири улсад “хүмүүнлэгийн гудам” болон “аюулгүйн бүс” байгуулахын тулд НҮБ-ын ЕА-н яаралтай хуралдаан хийлгэх нь зохимжтой гэж үзсэн байна. Хүмүүнлэгийн тусламж болгон сирийн дүрвэгсэдэд 100 сая доллар гаргаж өгөхөөр хуралдаанд оролцогчид шийдвэрлэсэн байна. Хуралдааны дүнг ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдэд танилцуулахын тулд АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби болон Катарын ГХЯ-ны сайд аль-Тани нар Москва, Бээжинд очих юм байна.