Сирийн тухай НҮБ-ын тогтоолын төсөлд хориг тавьсныхаа дараа Орос, Хятад улсууд Барууныхантай хатуухан мэдэгдэл солилцлоо. Энэ төслийг АНУ болон Франц, Герман, Португал, Их Британи улсууд бэлтгэсэн юм. Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох замыг нээж өгөх байсан учир энэ төсөлд хориг тавьсан юм.

Орос, Хятад улсууд сүүлийн есөн сард гурав дахь удаагаа Сири улсын талаарх санал хураалтад эрхийнхээ дагуу хориг тавьж байгаа юм. НҮБ-ын дипломат ажиллагааны түүхэнд хэзээ ч байгаагүй зүйл болж байна. Сири улсын хэргийг ард түмнийх нь араар шийдэх гэсэн Барууныхны оролдлого улам хүчтэй болж Москва, Бээжинд даралт шахалт үзүүлж байгааг тэд тэсвэрлэж байгаа нь чухал асуудал юм.

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров санал хураалт болохын өмнө “муу муухай бүхнийг” одоо ОУ-д нялзаах болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгээд яг л тийм зүйл боллоо. Барууны орны төлөөлөгчид Москва, Бээжин хоёр сирийн ард түмэнд туслахыг хүсэхгүй байна гэсэн хилэнт буруутгалаа илгээлээ. Башар Асадын дэглэмийг сөрөн зогсохын тулд НҮБ-ыг тойрон гарна гэж АНУ сүрдүүллээ.

Иймэрхүү дайралтыг Москва хилэгнэн хүлээж авлаа. Сири улсад хүчирхийлэл гаарч байгаагийн хариуцлагыг ОУ-д тохох гэсэн оролдлогыг “хүлээж авахын аргагүй, бүдүүлэг зүйл гэж” ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич нэрлэсэн юм. Олон улсын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд НҮБ-ын үүргийг үгүйсгэж байгааг “аюултай дохио” гэж оросын дипломатч хэлжээ. Ямар нэгэн мөргөлдөөнд цаашид хэрхэн хандахаа олон улсын хамтын нийгэмлэг бодож цэгнэх цаг болсон гэж тэр хэлсэн байна. Барууныхан ямарч бодлогогүй, тэнцвэргүй тогтоолыг НҮБ-ын АЗ-өөр батлуулахыг оролдсон гэж Хятад улс өөрийн зүгээс тэднийг буруутгалаа.

Тогтоолын төсөл бүтэлгүйтсний дараа барууны дипломатчид Орос, Хятад улсуудыг буртуутгахыг оролдсон, харин тэд өөрсдийгөө буруутгах хэрэгтэй гэж “Синхуа” агентлаг тэмдэглэсэн байна. Дамаскын гарыг нь мухарлах нь Лондон, Вашингтоны улс төрчдийн хүсэл байсан гэж албан ёсны тайлбарт өгүүлсэн байна. Засгийн газрын эсрэг хүчнийхний үйлдэж байгаа хүчирхийллийг тэд хараагүй мэт хандаж байгаа ба бүр өөгшүүлж байна. Сири улс нь НҮБ-ыг дахиад л хуваалаа, энэ сөргөлдөөний дэвсгэр дээр нилээн аймшигтай хувилбар төсөөлөгдөж байна. Башар Асадын дэглэм оршин тогтнож чадахгүй болсон түүнийг явахад нь “туслах” хэрэгтэй гэдэгт Барууныхан болон хөршүүд нь итгэлтэй байна. Тэгээд цааш нь яах гэж байгаа юм бол оо?

Мөргөлдөөн цаашид шашин хоорондын дайн болж л хувирна. Тус улс бутрах ирмэгт тулна. Өнөөдөр Сири улсад Иран, Саудын Арав хоёр улс дайтаж байгаа гэдгийг олон шинжээчид анхааруулж байна. Иран улс нь өөрийн холбоотондоо туслаж байгаа бол Саудын Арав сирийг устгахыг оролдож байгаа юм. Яг ийм учраас л улс төр судлаач Сергей Демиденко Барууныханд ийнхүү анхааруулж байна.

Сирийн дэглэмийн толгойг цавчиж болохгүй. Хэрвээ тэгвэл урьдчилан хэлэхийн аргагүй геополитикийн сүйрэл болно. Одоо түүнийг ганхуулах бодлого явагдаж байна. Ойрхи Дорнодод дахь цорын ганц язгууртны дэглэм хоолой дээр нь тээглэсэн яс болоод байгаа Саудын Арав, Катар улсууд энэ бодлогын санаачлагчид нь юм гэж тэр ярилаа.

Хэрвээ Асадын дэглэмийг хүчээр унагаах оролдлого биелэгдвэл төрийн эрхэнд лалын хэт даврагсад гарах нь зайлашгүй. Тэгэхлээр тэдний дараачийн бай нь Израиль улс болно, учир нь Израиль улстай эв найрамдалтай зэрэгцэн орших нэг ч лалын хэт даврагсад байхгүй юм. Энэ эмх замбараагүй байдлын үеэр Сири улсад хадаглагдаж байгаа химийн зэвсэг хэт даврагч дайнчид болон алан хядагчдын гарт орж болзошгүй. Олон улсын харилцааны дээд сургуулийн Соёл иргэншлэл, түншлэлийн төвийн захирал Вениамин Поповын саналыг одоо сонсоцгооё:

Хүчирхийлэл улам гаарч байгаа нь аймшигтай уршигтай болно. Хэрвээ энэ химийн зэвсгийг лалын хэт даврагсад булааж авбал “Аль-Каидагийн” гарт орно гэсэн үг. Энэ зэвсгийг хэний эсрэг хамгийн түрүүнд хэрэглэх вэ? Мэдээж хэрэг АНУ, Израиль хоёрын эсрэг л хэрэглэнэ шүү дээ. Энэ түймрийг аль болхоор хурдан унтраахын тулд энхийн зохицуулалтад яаралтай хүрэх шаардлагатай байна гэж тэр ярилаа.

Энэ хооронд тус бүс нутагт нөхцөл байдал улам л муудсаар байна. Болгар улсад израилийн жуулчдын эсрэг алан хядах ажиллагаа үйлдсэн явдал гал дээр тос нэмлээ. Алан хядагчид Дамаскт Башар Асадын ойрын гурван хүн болох БХЯ, ДХЯ, ТГ-ын сайд нарыг устгасны дараахан энэ үйл явдал болсон юм. Ойрхи Дорнодын улс төрийн түгшүүртэй байдал эрс нэмэгдэж байгааг энэ хоёр үйл явдал харууллаа.