Япон тэнгист хятадын загас агнуурын хөлгийг оросын хилчид буудсантай холбогдуулан Хятад улс оросын талтай нягт хамтран ажиллаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр энэ тухай Бээжинд мэдэгдсэн байна. “Энэ үйл явдлын учрыг нэн даруй олохын төлөө хятадын тал ажиллаж байна. Хоёр улсын найрамдалт харилцааны хүчинд талууд энэ үйл явдлыг даруй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэж” дипломатч хэлсэн байна. Хоёр улсын найрамдалт харилцаанд муугаар нөлөөлөхөөс зайлсхийж, ирээдүйд ийм үйл ажиллагааг давтуулахгүйн тулд урьдчилан харилцан мэдээллэж байх механизмыг Хятад улс, ОУ-тай зөвшилцөж байна гэж Хун Лэй тэмдэглэсэн байна. Энэ үйл явдал 7-р сарын 16-нд болсон бөгөөд хятадын далбаатай загас агнуурын хөлөг өөрийнхөө тухай мэдээлэл өгөхгүй, зогс гэсэн шаардлагыг биелүүлэхгүйгээр 3 цагын турш зугтсан байна. Хилийн хөлөг онгоц сануулах буудлага хийсэн боловч хөлөг зогсоогүй байна. Энэ хөлгийг зогсоохын тулд хилчид хөлгийг буудсан ба үзлэг хийх бүлгийнхэн хөлөг дээр гарахад багынхан эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ хөлөг дээр ОУ-ын усан хилээс хулгайгаар барьсан 22,5 тонн нялцгай загас байжээ. Хулгайн анчдын хөлөгт үзлэг хийсний дараа мөрдөн байцаалт хийхийн тулд Находка боомтод чирч авчирсан байна.