Орос улсын Бүгд найрамдах Буриад улсад Олон улсын “Алтаргана-2012” наадам явагдаж байна. Алтаргана бол буриад зоны хувьд үхэшгүй мөнхийн цэцэг юм. Хүч тэнхээтэй, бат бэх уламжлал ёс заншилтай гэж буриадын ард түмний тухай ярьдаг юм.

Их наадамд Монгол, Хятад улсаас болон Орос улсын бүс нутгуудаас буриад зоны төлөөлөгчид хуран цугларчээ. Монголын төлөөлөгчид нь өмнөх жилүүдийн адил хамгийн их нэр хүндтэй, олон тооны хүмүүс оролцож байгаа тухай наадмыг зохион байгуулагч Рыгзын Цыдендоржиев ийн ярьж байна. Монгол улсаас энэ жил 700 орчим төлөөлөгчид оролцож байна. Ихэнхдээ тэд нийслэл Улаанбаатараас ирсэн байгаа.

Мөн Хэнтий, Дорнод аймгаас бас ирсэн. Монголын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг нэрт сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа тэргүүлж байна. Түүнчлэн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд монголын нэртэй дуучид, соёлын зүтгэлтэнүүд орж байна. Тэд бас хаалтын гала-концертод оролцох юм.

Энэ жилийн “Алтаргана” наадмын зочдыг төрөл бүрийн уран бүтээлийн уралдаанууд хүлээж байна гэж Рыгзын Цыдендоржиев ярьж байна. Их наадам нь дуучид, ардын урлагийн хамтлагуудын дундаас авъяаслаг дуучдыг тодруулахад туслана. Ардын хөгжмийн “Буриадын нэг өдөр” уралдаан, буриад ардын дууны уралдаан зэрэг зохиогдоно. Үлгэрч, туульс хайлаачдын дунд уралдаан болон үндэсний зан үйлийн уралдаан тус тус явагдах юм. Эдгээр уралдаануудад оролцогчид нь өөрсдийн ур чадварыг сориод зогсохгуй угсаатын судалгааны ажлаа явуулж байгаа.

Түүнчлэн, “Алтаргана” наадмын үеэр гар урлалын урчуудын мастер классууд зохиогдоно. Харин буриад басгад хамгийн сайхан бүсгүйн “Дагина” титэмийн төлөө өрсөлдөх боломжтой. Наадмын хүрээнд нэрт сэтгүүлч Ким Борисович Болдохоновын “Эрхэм нутгийнхан минь” номны хоёрдугаар дэвтрийн хурим болох юм. Энэ номонд Монгол улсад амьдарч, ажиллаж байгаа буриад хүмүүсийн тухай хөрөг - найруулал орсон юм.

Наадмын үеэр уламжлал ёсоор үндэсний биеийн тамир спортын төрлүүдээр хүч тэнхээгээ сорино. Үүнд: бөхийн барилдаан, нум сумын харваа, морины уралдаан болон буриад шатрын тэмцээн зохиогдоно.