Сирийн сөрөг хүчний чөлөөт арми болон “Лива аль-Ислам” радикал бүлгэмийнхэн Дамаскийн Улсын аюулыг хамгаалах газрын байрны дэргэд гарсан халдлагын хариуцлагыг хүлээв. Энэ тухай мэдээг “Лива аль-Ислам”бүлгэм Facebook-ийн өөрийн сайт дээр нийтэлжээ. Нөгөөтэйгүүр, Сирийн сөрөг хүчний чөлөөт армийн уг халдлагад хамааралтай болохыг тэдний төлөөлөгч хурандаа Касим Саадуддин батласан. “Энэ бол бидний яриад байсан галт уулын дэлбэрэлт . Бид ажиллагаагаа эхэллээ” гэж тэр хэлжээ.

Амиа золиослогч террорист нь байранд аюулгүй байдлын алба болон сирийн засгийн газрын хамтарсан хуралдаан болж байх үед өөрийгөө дэлбэлсэн. Үүний дүнд тус улсын батлан хамгаалахын сайд Дауд Раджиха нас барсан гэж сирийн үндэсний телевизээр мэдэгджээ. Рйетэр агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн үед сайд нар болон бусад өндөр албан тушаалын хүмүүс шархадсны дотор дотоод хэргийн сайд Мухаммед өш-Шаар болон ерөнхийлөгч Башар Асадын эхнэрийн дүүгийн нөхөр батлан хамгаалахын орлогч сайд Асэф Шаукат нар байв. Хамгийн сүүлийн мэдээгээр Шаукат нь шархадсны улмаас нас баржээ. Түүнчлэн, сирийн тагнуулын газрын тэргүүн Хишам Бехтияр хүнд шархадсан аж. Синьхуагийн мэдээлж байгаагаар, байрны дэргэд минжүүлсэн машиныг дэлбэлжээ. Рейтерын уламжилж байгаагаар, амиа золиослогч нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хувийн хамгаалалтын албаны ажилтан байжээ.