Мьянма улс АНУ, Хятад улс хоёрын шинэ сөргөлдөөний талбар болно. АНУ Мьянматай харилцаагаа дахин амьдруулсны дараах тус улсын нөхцөл байдлыг оросын шинжээчид ингэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхан тус улсын эсрэг хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлаж байгаагаа зарлаж америкийн бизнест хаалгыг нь нээж өглөө.

Нефть хийн салбарыг оролцуулаад Мьянмагийн тэргүүлэх эдийн засагт хөрөнгө оруулахыг америкийн компаниудад зөвшөөрсөн байна. Тэд бас санхүүгийн үйлчилгээ явуулж болох юм байна. Өнөөдөр тус улсын энэ хүрээнд хятадын капитал ноёрхож байгаа юм. 1988 онд төрийн эрхийг цэргийхэн булааж авсны дараа АНУ Мьянма улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсны дараа хятадууд энд эзэгнэж эхэлсэн юм. Тус улс ардчилалд хүрэх замд дэвшил гаргаж, либерал өөрчлөлт хийж эхэлсэн тул хоригийг зөөлрүүлж байна гэж Барак Обама тайлбарласан байна. Дарангуйлагч дэглэмийг АНУ үүний төлөө өршөөгөөгүй гэж Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев үзэж байна: « Энэ бүс нутаг дахь АНУ-ын геополитикийн ашиг сонирхол энд голлох үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Хятадын өсөн нэмэгдэж байгаа сүр хүч тэр дундаа цэргийн хүчин чадлыг тогтоон барих АНУ-ын оролдлоготой холбоотой юм. Энэ бүс нутагт Хятадаас өөр, шаардлагатай болсон үед дэмжлэгий нь авах бүр байг даа гэхэд төвийн сахьсан бодлого баримтлах орнуудтай АНУ харилцаа тогтоохыг оролдож байгаа юм. Ийм бодлын үүднээс тэд Вьетнам, Энэтхэг улсуудтай холбоо харилцаагаа сэргээж байна. Мьянма улстай харилцах АНУ алхамуудыг, ардчилалд гаргасан амжилтыг өөгшүүлж байгаа гэхээсээ түүний геополитикийн ашиг сонирхолд нийцэж байгаа гэж ойлговол зүйтэй» гэж тэр ярилаа.

Америкчуудын дараа, Япон улс болон Баруун Европын орнууд Мьянма улстай харилцаагаа бүлээцүүлж эхэллээ. Барууныхны хувьд Мьянма Ази тивийн унтаа луу байхаа болилоо. Япон улс барууныхнаас бүр түрүүлсэн гэж хэлж болно. Сүүлийн 28 жилд анх удаагаа Мьянмагийн ерөнхийлөгч энэ оны 4-р сарын сүүлчээр Япон улсад айлчилсан байна. Тус улсын бараг 4 тэрбум долларын өрийг цайруулж, дэд бүтэц байгуулахад зориулж иенийн хөнгөлттэй зээл олгох зэрэг өгөөмөр бэлгийг япончууд Тхейн Сейнд барьсан байна.Үүгээрээ Япон улс өөрийгөө Зүүн Өмнөд Азид нөлөө бүхий гүрэн гэдгээ харуулж, Мьянма улс дахь хятадын нөлөөнд “дайн” зарлахыг оролдож байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Феликс Юрлов үзэж байна: «Мьянма улс дахь хятадын нөлөө маш хүчтэй байсан, байх ч болно. Мьянма улс сүүлийн жилүүдэд гүнзгий тусгаарлалтаас гарч олон төрлийн салхи салхилсан орон болж хувирлаа. Энэ салхи нь зөвхөн хятад, япон улсуудаас биш барууны орнуудаас салхилаж байна. Мьянма одоохондоо маш ядуу зүдүү улс юм. Энэ улс мэдээж хэрэг Дорнод руу ч, Баруун руу харж байна. Тэгэхлээр өөрсдөө л сонголт хийх хэрэгтэй болж байна, энэ сонголт маш хэцүү байх болно. Хэнийг сонгох вэ?, хэн хэнтэй нөхөрлөх вэ? гэдэг асуудлаар Мьянмад бас сөргөлдөөн болсоор байна» гэж тэр ярилаа.

Мьянмагийн засгийн эрхэнд байсан генералууд АНУ, Европын орнууд болон Япон улсын хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй хүмүүс байсан юм. Үүнээс болоод л хятадууд энэ улсад эзэгнэж эхэлсэн юм. Өөрийнхөө нутгаас Мьянма улсыг дамжуулан Бенгалийн булан хүргэхээр барьж байгаа нефть, хий дамжуулах хоолойн салаа нь Хятадын геополитикийн ашигтай тал юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Мэн Зяньчжуны саяхан Мьянма улсад хийсэн айлчлал нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж болно. Тэрээр засгийн газарт хүчний байгууллагуудыг хариуцдаг юм. Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн ашиг сонирхолтой байгаагаа хятадын зочин илэрхийлсэн байна.Хятад улсын дэмжлэгт цаашид ч найдаж болно гэдгийг Мэн Зяньчжун Мьянмагийн төрийн тэргүүнүүдэд сануулсан байна. Түүний айлчлалаас болж л өндөр тэнгэрт нисэж байгаа барууны орнуудын анд нөхөд-тогруунуудаас, хятадын тусламжийн гарт байгаа хөх бух шувуухай дээр гэсэн хэллэг гарсан байж магадгүй.Тэгээд ч барууныхан Мьянма улсыг бүрэн гүйцэд өршөөгөөгүй бөгөөд “ташуур ба боорцог” гэсэн бодлогоо барьсаар байгаа билээ.