Сири улсад болж байгаа үйл явдлыг Олон улсын улаан загалмайн нийгэмлэг \ОУУЗН\ “дотоодын зэвсэгт мөргөлдөөн” гэж үзэж байна гэж тус байгууллагын төлөөлөгч хэлснийг иш татан “Рейтер” агентлаг уламжиллаа. Энэ хэллэг нь иргэний дайны хууль ёсны тодорхойлолт юм. Урьд нь Сири улсад болж байгаа үйл явдлыг Хомс, Идлиб, Хама гэсэн гурван газар болж байсан засгийн газрын цэрэг болон сөрөг хүчний орон нутгийн чанартай сөргөлдөөн гэж УЗН үзэж байсан юм. Харин мөргөлдөөн тус улсын бусад нутгуудад тархсан явдал энэ байгууллагыг нөхцөл байдлын тухай тодорхойлолтоо өөрчлөхөд хүргэж, дайн хийхдээ талууд олон улс хоорондын гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагатай гэдгийг сануулж байна. Энгийн номхон иргэдийн эсрэг үйлдсэн аллага хядлага, хүчирхийлэл, тамлан эрүүдэх болон тэнцүү бус хүч хэрэглэх зэрэг гэмт хэргийг одоо шүүхэд шилжүүлнэ гэсэн үг юм.