Эрт дээр үеэс хоёр улсын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай байдаг Сенкаку арлын эргэн тойрны байдлыг улс орныхоо удирдагчтай хэлэлцэхээр БНХАУ-д сууж байгаа Япон улсын элчин сайд Уитиро Нива Токио явсан байна. Япон улсын ГХЯ энэ тухай мэдээлжээ. Элчин сайд Хятад улсад буцаж очих хугацаа одоохондоо тодорхой бус байна гэж японы ГХЯ тэмдэглэсэн байна. Дипломатчаа Бээжингээс дуудсан явдал нь Сенкаку арлын ойролцоо БНХАУ-ын хөлөг онгоцууд олширч байгааг эсэргүүцсэн хэрэг биш гэж Япон улсын гадаад бодлогын байгууллага мэдэгдсэн байна. Сенкаку арлын зарим хэсгийг хувь хүнээс худалдан авч үндэсний хэлбэрт оруулна гэж өнгөрч буй долоо хоногийн сүүлчээр Япон улсын засгийн газар мэдэгдсэн юм. Токио энэ нутаг дэвсгэр дээр өөрийн эрхээ улам батжуулахыг оролдож байна гэж үзсэн Хятад улс шууд л эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ арал нь хэнд харьялагдаж байгаа тухай ямар ч маргаан байхгүй гэж үзэж байгаа Япон улс, Бээжинтэй хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа юм. Гэхдээ энэ долоо хоногийн турш маргаантай арлуудын ойролцоо хятадын харуулын хэд хэдэн хөлгүүд үзэгдсэн байна.