1812 оны дайн тулалдааныг сэдэвлэн 1000 цэргийг дүрслэн харуулах зохиомжийг Бородино дахь талбай дээр байгуулна. Түүхэн тулалдааны явган болон морьт баатаруудыг дүрслэхдээ орчин үеийн сурвалж бичгүүдийг үндэслэн болит хэмжээгээр бүтээнэ. Энэ бол үнэхээр нүсэр том төсөл: Москва мужийн засгийн газар энэхүү үзмэрийн техникийн даалгаврыг боловсруулахад л 2,5 сая рубль /80 гаруй мянган доллар/ гаргажээ.

1812 оны Эх орны дайны туухэн дусгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөө байгуулах санаачилгыг Москва орчмын засаг дарга Сергей Шойгу гаргасан. Бородины тулалдаан нь Марафон, Ватерлоо, Верден, Сталинградын тулалдаануудтай эн зэрэгцэдэг юм. Асар их цус урссан орос, францын армиудын энэ тулалдаан нь нэг хоног үргэлжилсэн тулалдааны түүхэнд хоёр талаас тус бүр 40 гаруй мянган цэрэг эрс амиа алдсан. “Миний тулалдаануудын хамгийн аймшигтай тулалдаан бол Москва орчмын тулалдаан байсан. Францын цэргүүд ялалт байгуулж чадахаа харуулсан,харин оросууд ялалт ямар их үнээр ирдэгийг харуулсан” гэж Наполеон Бонапарт хэлж байжээ.

Бородины талбай нь нийт 11 га тайлбай эзэлдэг бөгөөд үүний нэгээхэн хэсэгт тулалдааны явцыг харуулсан олон дүрст зохиомжийг байрлуулах юм. Энэ тухай Москва мужийн соёлын сайд Антон Губанков “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярихдаа:

«Бородины тулалдааны хэсгүүдийг тусгайлан хооронд нь тодорхой зайтайгаар байрлуулах болно. Энэ нь байлдааны хэсгүүд болон цэргүүдийн жагсаалуудаас бүрдэх юм. Харин дүрснүүдийн хувьд гэх юм бол нэг мянга орчим байх болов уу гэж бодож байна. Одоогоор бид сайн шийдээгүй байна. Бидний үзэж байгаагаар энэ нь маш сонирхолтой төсөл байх бөгөөд урьд өмнө нь Орос улсад байгаагүй» гэлээ.

Одоо үзмэрүүдийг хаана байрлуулах гэдэг талаар мэтгэлцээн явж байна. Бородины талбай дээр түүхийн дархан цаазат музей байдаг бөгөөд энд 200 орчим түүх дурсгалын хөшөө баримал байдаг. 2007 онд тус музейд соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсэд гаргасан амжилтыг нь үнэлж ЮНЕСКО-гийн шагналаар шагнасан гэж музейн захирал Михаил Черепашенец тэмдэглээд

«Хэрвээ төслийг хэрэгжүүлэхэд хүрэх юм бол хамгийн гол зүй бол хаана байрлуулахав гэдэг асуудал байх юм. Чухамдаа тэр байршилыг маш нарийн сонгосон байх ёстой. Ямар нэгэн байдлаар түүх-соёлын орчныг гэмтээж болохгуй. Магадгүй, үүнийг хэлэлцэхийн тулд Соёлын яамыг татан оролцуулах ёстой байх. Түүнчлэн, Лихачёвын нэрэмжит соёлын болон байгалийн өвийн хүрээлэн ч оролцох ёстой. Энэ нь маш өргөн хэлэлцүүлэг байх ёстой» гэв.

Зохиомжийн байршил бол түүхэн тулалдааны талбайд ямар нэгэн хор хөнөөл учруулахааргүй л байх ёстой. Энэ бол хосгүй газар юм шүү дээ гэж Антон Губанков үзээд:

«Бид хамгийн сайныг нь сонгоно. Одоо бид нилээд хэдэн хувилбарыг авч үзээд байна. Яг энийг сонгоно гэсэн юм одоогоор алга. Энэ нь Масловскийн флешийн аль нэг дүүрэг байхыг үгүйсгэхгүй, бусад хувилбаруудыг ч судлаж байна. Танд гэж хэлэхэд, шинэ үзмэр нь түүхэн дурсгалыг бүхэлд нь нэг цөм болгож хүлээн авахад огтхон ч саад үгүй юм» гэлээ.

Сайдын хэлснээр, уг төсөл нь соён-гэгээрүүлэх шинжтэй юм. Түүний зорилго бол Бородины тулалдааны талбар дээр ирсэн хэн бүхэнд ялангуяа, хүүхэд залуучуудад 1812 оны дайны тод томруун төсөөлөл олгоход оршино.Түүнчлэн, төслийг хэрэгжүүлснээр түүхийн музейн дархан цаазат газрыг хөгжүүлэхэд болон жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд их ач тустай болно. 1812 оны Эх орны дайны ялалтын 200 жилийн ойн өмнө тус дурсгалын хөшөө ашиглалтанд орохгуй нь мэдээж юм.Түүнийг барьж байгуулахад хэдэн жил шаардагдана.