Орос улсын зүүн-өмнөд хэсгийн Сувд гэж Халимаг улсыг зүй ёсоор нэрлэдэг. Орос улсын бүхий л нутаг дэвсгэртэй харьцуулахад тус Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр жижигхэн юм. Тус улсын нийт талбай ердөө 79 мянган метр кв, гэхдээ энд бишрүүлэх юм олон бий.

Ингээд нийслэл хот Элстэй хотоос эхэлъе. Элстэй хот нь анх 1865 онд байгуулагджээ. Элстэй хотын дурсгалт гол газруудын нэг бол “Бурхан багш Шагжамуны алтан өргөө” хийд юм. Европ тивд томоохонд ордог энэхүү хийдийг 2005 онд барьж байгуулсан. Хийдийг тойруулан ертөнцийн дөрвөн зүгийг бэлэгдэн дөрвөн том хаалга барьжээ. Хийдийн уран барилгын бүхий л шийдэлүүд нь мандалыг санагдуулах аж. Хийдийг тойруулан бурхан багшийн 17 шавийн баримлыг дүрслэн тавьжээ.

Хийдийн дотор талын танхимын голд Будда бурхны суугаа том баримал угтана. Хийдийн ханаар бодисваагийн 1000 /мянган/ баримлыг байрлуулжээ. Танхимд халимаг, түвдийн лам нар эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын төлөө ном хурж, маань мэгзэм уншиж, шашны үйлийг хийж гүйцэтгэх аж. Зарим үед энд шашны том баяруудаар хурал ном хурж, олон мянган сүжигтэнүүд цуглардаг аж.

Танхимд дээрхийн гэгээн XIV Далай ламын хувцсыг шилэн хоргонд хийж хадгалжээ. Хийдийн нэгдүгээр давхарт Бүддийн шашны түүхийн музей байрладаг. Бид тус музейн тайлбарлагч Герел Нуровагаас эндхийн үнэт үзмэрүүдийн тухай ярьж өгөхийг хүссэн юм.

«Эдгээр хувцас нь бүддийн шашинтнуудын хүндэтгэх ариун зүйлүүдийн нэг юм. Үүнийг манай музейд дээрхийн гэгээнтэн 14 Далай лам 2006 онд Халимагийн ард түмэнд хийдийг сэргээх үйлсэд нь зориулж ирүүлсэн. Үүнд дээрхийн гэгээнтэний өмсөж байсан банзал, цамц, цув болон эрдмийн малгай зэрэг байна. Түүнчлэн дээрхийн гэгээнтэний суудал байдаг. Далай лам 2004 оноос хойш Халимаг улсад ирээгүй, тэгсэн ч бид түүнийг дахин ирж, суудалдаа залрахыг нь хүлээж байдаг» гэж Герел Нуровагаас хэллээ.

Элстэй хотын төв талбайд “Долоон өдөр” бүддийн шашны цогцолбор нүд хужирлана. Яагаад долоон өдөр гэж нэртэй юм бэ гэвэл, ертөнц долоо хоногтой бөгөөд “долоо" гэдэг нь бурхны хэлээр “төгс” тоо буюу үүнийг Бурханы тоо гэж хэлдэг байна. Олон давхартай энэ байгууламжийн дотор талд том хүрд байх бөгөөд түүний дотор 75 сая орчим маань багтжээ. Хүрдийн гадна талд түвд, санскрит болон халимаг хэл дээр “ум мани бад ми хум” маанийг мөнхжүүлжээ. “Долоон өдөр” шашны цогцолборыг тойрон усан оргилуурууд байгуулж, талбайг хүмүүсийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэхэд нь зориулан тохижуулжээ. Энэ талбайд шатар сонирхогчид байнга ирж шатар нүүдэг байна.

Дашрамд хэлэхэд, Элстэй хот буддын шашны хосгүй дурсгалт газраараа алдартайгаас гадна өөр сонирхолтой зүйл зөндөө бий. Энэ бол Сити Чесс-Шатрын хотхон. Энэ хотхон дэлхийн шатрын уралдааны төв болох нь олонтоо байдаг юм. Үүнийг Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч /FIDE/, Халимаг улсын анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов байгуулсан. Сити Чесс нь дэлхийн газар зүйн зураг дээр байдаггүй ч, Элстэй хотод өөрийн бие даасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн дэд бүтэц, өвөрмөц хэв маяг болон уламжлалтай юм. Энд Шатрын түүхэн замналын музей үзэж болох бөгөөд энд 3700 гаруй үзмэр байдаг. 2008 онд тус музейг дэлхийн шатрын түүхийн найм дахь аварга Михаил Талийн нэрэмжит болгосон. Шатрын хотхонд ирээдүйн шатрын уурхай болох хүүхдийн шатрын клуб байрладаг юм.

Элстэй хотод халимагийн ард түмний түүхийн эмгэнэлт үе - халимагуудыг Сибирь рүү цөллөгдсөнтэй холбоотой хэлмэгдэгсдийн хөшөө байдаг. Зөвлөлтийн уран барималч Эрнст Неизвестныйгийн бүтээсэн энэхүү хөшөөнд халимагийн ард түмний нугарашгүй хатан зоригийг яруу тодоор харуулж чадсан юм. Хөшөөний сууринд халимагуудын цөллөгөнд байсан Сибирийн :Тюмень, Омск, Барнаул, Новосибирск, Томск болон Красноярск хотуудын капсулыг хийжээ.

Цөллөгийн цаг үе хамгийн гашуун дурсамжуудыг үлдээсэн. Энэ бүхэн харамсалтай, гэсэн ч Халимагийн түүхэнд хичнээн их гайхамшигтай хуудсууд байдаг гээч! Халимагийн цэргүүд I Петр хааны үед орос-түркийн, орос – шведын дайнуудад болон аугаа эх орны Дайны жилүүдэд эх орноо баатарлагаар хамгаалж ирсэн юм.

Халимаг улс нь тал хээрийн бүсэд оршидог, гэхдээ энд байгалийн хосгүй сайхан олон зүйл бий. Тэдгээрийн нэг бол халимагуудын бахархал болон жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг “лянхуа цэцгийн талбай” юм. Ижил мөрөн Каспийн тэнгист усаа цутгах тэрхэн газарт, 7-р сарын дунд үеэс 8-р сарын дунд үе хүртэл лянхуа цэцэг багшран цэцэглэнэ. Үүнийг харах юутай сайхан гэж санана! Энэ бол Европд лянхуа цэцгийн дэлбээлэхийг харах цорын ганц газар! Жил бүр эндхийн ариун цэцгийг харахаар олон тооны хүмүүс ирдэг.

Халимагийн хосгүй бас нэгэн газар бол зэрлэг амьтдын төв юм. Халимагийн тал нутагт, зэрэгцээ орших Астрахань болоод Волгоград мужийн нутгуудад сүүлийн 30 жилийн хугацаанд зээрийн сүргийн тоо эрс цөөрсөн явдал тус төвийг байгуулахад хүргэжээ.Энэ төвийн ажил үйлсийн талаар захирал Юрий Аралов ярихдаа:

«2012 оны 5-р сард манай төвд зээрийн 12 дахь үе төлөлсөн. Энэ бол маш их тэсвэр сайтай, үржил сайтай амьтан . Төвд эрдэм-шинжилгээний болон сургалтын ажлуудыг явуулдаг. Бид өсвөр үеийнхэнтэй явуулах ажлыг урьтал болгон ажиллаж байна. Эд бол оюутнууд, сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх насны хүүхдүүд юм» гэлээ.

Зэрлэг амьтдын төвд зээр төдийгүй Халимаг улсын уламжлалт мал аж ахуйн амьтдыг харж болно. Өнөөдөр тус төв нь тал нутгийн бяцхан амьтны хүрээлэн болоод байна. Энд тэмээ, морь, пони морь, хонь, зэрлэг гахай, цацагт хяруул зэрэг амьтад бий.Мөн америкийн сарлаг, өтгөн ургасан зэгсэн дунд тогоруу үүрээ засч, өндөглөдөг. Дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст тал нутгийг өнгө өнгийн алтан зул цэцэг битүү хучих нь юутай сайхан! Энд зэрлэг амьтныг хараад зогсохгүй, тэмээ, морь унаж зугаацаж болох юм шүү.

Сүүлийн жилүүдэд чийрэгжүүлэх аялал, жуулчлал илүү их дэлгэрэх болжээ. Тус Бүгд найрамдах улсын баруун хэсэгт Яшалтины нуур оршдог. Эндхийн нуурын хосгүй чанарыг биологийн ухааны доктор, профессор Надежда Абушинова тайлбарлахдаа:

«Яшалтины нуур нь экологийн цэвэр бүс нутагт аж үйлдвэрээс алс хол оршдог. Нуур нь олон төрлийн ургамалтай бөгөөд тэдгээрийн дунд эмийн олон ургамал бий. Жишээ нь, ганга, царван зэргийг эмийн журмаар ашигладаг. Нуур зөвхөн хур тундасаар ундаашдаг, өнгөрсөн жил гантай байсан учир үндсэндээ ширгэсэн. Гэхдээ нуурын шаврыг эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна. Одоогийн энэ шавар нь өөрийн чанараа алдаагүй. Шаврын дээгүүр бүрхэх шингэнийг рапа гэдэг.Энэ шингээс давсны агуулга нь нэг литрт 300-400 грамм байдаг нь Сөнөсөн тэнгисийнхтэй бараг адил юм. Тиймээс эндхийн нуурыг Халимагийн Үхмэл тэнгис гэж нэрлэдэг. Рапа нь дотрын өвчинд өргөн хэрэглэгдээд зогсохгүй тургуур эрхэтний, арьсны, зүрх судасны өвчинг анагаахад өргөн хэрэглэгдэж буй юм.

Халимаг улс танд үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээх болно. Та Халимагт заавал зочлоорой!