Өнөөдөр ОХУ-ын Улсын думын хаврын чуулганы ажил дууслаа. Эрх баригч «Нэгдсэн орос улс» намын төлөөлөгч Улсын думын дарга Сергей Нарышкин чуулганыг хааж үг хэлж, «парламентад ажиллаж байгаагаар бахархаж байна» гэв. Түүний хэлснээр энэ онд Улсын дум зүй ёсоор үр бүтээлтэй ажилласан.Өнөөдөр ажлынхаа сүүлчийн өдөр Улсын дум Оросын эрүүгийн хуульд оруулах «гүжир гүтгэлэг» зүйл ангийг сэргээх засварыг бүрэн төгс 3 дахь хэлэлцүүлгээр батлав. 238 депутат засварыг дэмжиж, 91 нь эсэргүүцэв. Парламентын гишүүд шоронд хорих шийтгэлийг хуулиас хасч, торгуулийг 5 сая рубль хүртэл нэмэгдүүлэв. Түүнээс гадна парламентын доод танхим гадаадаас санхүүжүүлж байгаа улс төрийн үйл ажиллагаа явуулдаг арилжааны бус нэгдлийг «гадаадын этгээд» статустай болгох хуулийг батлав. ОХУ-ын ерөнхийлөгчийн саналыг хуульд харгалзаж үзсэн байна. Тухайлбал ШУ, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарт явуулах үйл ажиллагаа болон сэргийлэн сэрэмжлэх, нийгмийн дэмжлэг үзүүлэх, иргэдийг хамгаалах, шашны ба өглөг буяны ажиллагааг тус хуулийн үйл ажиллагааны хүрээнээс хассан байна. Түүнчлэн шоронд хорих шийтгэлийг хасч, торгуулийг нэмэгдүүлжээ. Баримт бичиг гадаадаас санхүүжүүлж байгаа улс төрийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтийн хяналтад хамруулахад чиглэгдсэн гэж зохиогчид нь үзэж байна.