Буудагч эмэгтэй Бахийя аль-Хамад Лондонд Олимпийн наадмыг нээх үеэр Катарын далбаа барьж явах тухай тус орны Олимпийн хорооноос зарлан мэдээлэв. Энэ нь Катарын хувьд онцгой үйл явдал болно. Үүний өмнө тус улс Саудын Арави, Брунейн нэгэн адил дан эрэгтэйчүүдээс бүрэлдсэн шигшээ багийг Олимпийн наадамд оролцуулж ирсэн гэж «Интерфакс» агентлагийн мэдээлэлд тэмдэглэжээ. Гэвч сүүлийн үед Катар олон улсын томоохон тэмцээнийг улс орондоо зохион явуулах эрх эдлэхийн тулд ийм бодлогоос холдож байна. 19 настай Бахийя аль-Хамад 2011 оны Арабын наадамд улс орноо амжилттай төлөөлж, гурван алт, хоёр мөнгө медаль хүртсэн билээ.