“Фарнборо-2012” Олон улсын нисэх хүчний үзэсгэлэн Лондоны дагуул хотод “Оросын баатаруудын” нислэггүйгээр эхэллээ. Энэ үзэсгэлэнгийг үзэгчид сүүлийн олон жилүүдэд анх удаагаа ОУ-ын нэртэй нисэгчдийн бүлгийн нислэгийг үзэж чадахгүй нь. Британын ЭСЯ-наас виз авах ёстой оросын төлөөлөгчдийн асуудал сүүлчийн мөчийг хүртэл тодорхойгүй байлаа.

Цэргийн зориулалттай машинуудаа үзүүлэх ёстой байсан оросын төлөөлөгчдийн хувьд “Фарнборо-2012” удаан дурсагдах болно. Их Британын ЭСЯ хүнд сурталын балагаас болж тэдэнд виз олгоогүй юм. Барууны орнуудад таалагдахгүй байгаа сирийн талаарх байр сууринаас нь болж Их Британи Москваг ийм аргаар шийтгэхээр оролдлоо гэж зарим шинжээчид үзсэн байна. Фарнбород ОУ шиг өрсөлдөгчийг оруулахгүй байхын тулд виз олгох албанд арилжааны бүлгийнхэн даралт шахалт үзүүлсэн гэж бусад нь үзэж байгаа юм. Хэрвээ хэвлэл мэдээлэлд шуугиан дэгдээгүй, ОУ-ын ГХЯ хөндлөнгөөс оролцоогүй бол өнөөгийн Фарнборо оросын цэргийн нисэх хүчний сүүлийн үеийн ололт амжилттай танилцаж чадахгүйд хүрэх байлаа.

Эхний ээлжинд олон ажиллагаатай “4++” үеийн СУ-35 болон МиГ-35 сөнөөгч онгоцууд, Су-32 сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудын тухай ярьж байна. Мөн сургалт байлдааны ЯК-130 онгоцыг үзэгчид болон бодит худалдан авагчид үзэж чадахгүй байсан юм. ЯК-130 онгоцны үзүүлэх нислэг нь гадаадад анх удаагаа болох юм гэж “Иркут” нэгдлийн департаментийн орлогч дарга Сергей Сокут ярьж байна: «Ийм загварын онгоц бүтээх тал дээр өрсөлдөгчид ОУ-аас хол хоцорч байгаа юм. Шинэ үеийн сөнөөгч онгоцны бүхээгт нисэж байгаа юм шиг нөхцлийг ЯК-130 сургалт байлдааны онгоцны бүхээгт бий болгох юм. ЯК-130 онгоцны бүхээгт нисэгчдийг бэлтгэх үнэ төлбөр нь жинхэнэ сөнөөгч онгоцны бүхээгт бэлтгэхээс хамаагүй хямд юм» гэж тэр ярилаа.

Фарнборогийн үзэгчид, оролцогчид оросын үйлдвэрлэгчдийн зөвхөн цэргийн техникийг үзээд зогсохгүй бас иргэний нисэх хүчний онгоцуудыг үзэх юм. Жишээ нь, зорчигч тээврийн МС-21 онгоц, гал сөнөөгч Бе-200 онгоц, мэдээж хэрэг Сухой Супержет 100 онгоц байх юм. Индонез улсад болсон энэ онгоцны сүйрэл худалдан авагчидад нөлөөлөх ёсгүй гэж “Авиапорт” агентлагын шинжилгээний албаны тэргүүн Олег Пантелеев үзэж байна: «Индонез улсад энэ онгоц сүйрснээс хойш нилээд хугацаа өнгөрлөө. Энэ хэдэн сарын хугацаанд үйлдвэрлэгч компанитай хийсэн энэ онгоцыг худалдан авах гэрээнээсээ нэг ч улс татгалзаагүй байна. Үүнээс гадна энэ үзэсгэлэн дээр туршилтын загвар биш “Аэрофлот-Российские авиалинии” компанийн тугтай байнгын нислэг үйлдэж байгаа онгоцыг үзүүлж байна» гэж тэр ярилаа.

Фарнбород бас оросын сансарын зориулалттай бүтээлүүдийг үзүүлнэ. Оросын сансарын “Энергия” нэгдэл энэ үзэсгэлэн дээр 2016 онд бий болох Олон улсын сансарын станцийн загварын хуулбар болон шинэ үеийн ирээдүйтэй сансарын хөлгийг үзүүлэх юм.Энэ хөлөг жолоодлогот “Прогресс” хөлгийг солих юм. Энэ шинэ хөлөг нь далавчгүй, буцаж ирэх олон удаа ашиглах хэсгүүдтэй байх юм.

Хамгийн харамсалтай нь үзэгчид энэ жил Лондонгийн тэнгэрт “Оросын баатаруудын” гайхамшигтай нислэгийг үзэж чадахгүй. Их британын ЭСЯ-ны хүнд сурталын балагаас болж нислэгийн энэ алдартай бүлгийн нисэгчид Фарнборо руу нисэж чадаагүй юм. Одоогоос 20-иод жилийн өмнө “Оросын баатарууд” Их Британид шуугиан дэгдээсэн юм. “Оросын баатарууд” бүлэг дөнгөж бүрэлдээд байсан зургаан Су-27 сөнөөгч онгоцууд маш доогуур Шотланд дахь хатан хааны ордон дээгүүр асар хурдтай нисэж өнгөсөн билээ. Энэ гайхамшигтай нислэгийг хатан хааны гэр бүлийнхэн өндөр үнэлэж байсан билээ.