Пномпеньд 7-р сарын 10-12-нд болох “АСЕАН-ы өдрүүдийн” хүрээнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон америкийн ашиг сонирхолын хүрээнд тус холбооны орнуудыг улам хүчтэй татахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байна. АСЕАН-ы өдрүүд бол “аравуудын” хүрээний сайд нар АНУ, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг түнш улсуудтайгаа хийх уулзалт юм. Мөн Зүүн Ази болон АСЕАН-ы Бүс нутгийн форумын дээд хэмжээний зөвөлгөөн болох юм. Энд Хятад улсыг ГХЯ-ны сайд Ян Зэчи төлөөлөж байна.

Байдлаас ажихад мэтгэлцээн хийх гол сэдвүүдийн нэг бол Өмнөд Хятадын тэнгис дэх түгшүүртэй байдлыг намжаах асуудал байх бололтой. Жилийн өмнө АСЕАН-ы ийм нэг форум дээр энэ бүсэд талуудын баримтлах кодекс гэгчийг боловсруулсан юм. Харамсалтай нь энэ нь хоосон тунхаглал болж үлдсэн юм. Энэ ай сав дахь маргаантай арлуудыг өөрийнх гэдгээ батлахыг оролдон нэг талаас Хятад улсын хөлөг онгоцууд, нөгөө талаас Филиппин, Вьетнамын хөлөг онгоцууд байрлаж эхэлсэн үеэс энэ кодекс ажилахаа больсон юм. Сүүлийн үед энэ маргаанд АНУ идэвхитэй оролцож эхэлсэн нь хятад, америкийн харилцаанд муугаар нөлөөлж эхэллээ. Москвагийн хүмүүнлэгийн их сургуулийн шинжээч Дмитрий Мосяков үүнд анхаарлаа хандууллаа: «Зүүн өмнөд Ази дахь АНУ-ын холбоотон гэдэг статустаа Филиппин улс эргэн орлоо. Цэргийн баазыг нь эргүүлэн байрлуусны төлөө тэд тусламж авна гэж найдаж байна. АНУ-тай харилцаа холбоогоо хөгжүүлэн бэхжүүлэхэд Вьетнам улс хэзээд бэлэн байгаа гэдгээ харуулсаар байна. Ер нь АСЕАН-ы дээдсүүд АНУ-ын талаас аюул учирна гэхээсээ Хятад улсаас илүү болгоомжилж байна. Нөгөө талаас нь авч үзвэл эдгээр аюулууд нь нилээд хийсвэр байж болох талтай. Хятад улс тэдний айгаад байгаа үйл ажиллагааг явуулахад бэлэн бус байна гэхдээ тэд айгаад байгаа юм. Тэгэхлээр дээдсүүд үйл явдлыг жаахан урьдчилж хараад байна уу даа» гэж тэр ярилаа.

АНУ, АНД бүс нутагт эргэн ирэх стратегээ зарлаж, тэнд тэнгисийн цэргийн хүчээ зузаатгаж эхлэнэ гэж зарласнаас хойш болж байгаа АСЕАН-ы анхны форум энэ юм. Хятад улс өөрийн зүгээс өсөн дэвжиж байгаа эдийн засгийн нөөцөө цэргийн сүр хүчээ зузаатгахад зориулж байна. Мэдээж хэрэг энэ байдал АСЕАН-ы орнуудтай Хятад улсын харьцаж байгаа харилцаанд нөлөөлж л таараа гэж Дмитрий Мосяков үзэж байна: «Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэргийн сүр хүчээс тэд айж байгаа. Нөгөө талаас энэ процесст хандаж байгаа тэдний сэтгэл хөдлөл Хятадтай холбоотой тэд хэзээ ч татгалзаж чадахгүй чухал нэгэн элементтэй холбоотой юм. Энэ нь тэдний улс төрийн тогтвортой байдал, цэцэглэн хөгжилт зэрэг нь шууд хамааралтай хятадын хөрөнгө оруулалт, хятадын зах зээл юм» гэж тэр ярилаа.

Энэ холбоо өнөөдөр Хятадын хоёр дахь худалдааны түнш болоод байгаа юм. Хятад-АСЕАН гэсэн чөлөөт худалдааны бүс байгуулсан нь энэ бүхэнд сайнаар нөлөөлсөн юм. Холбооны орнуудын Хятадтай хийж байгаа худалдаа байнга ашигтай байдаг юм. Үүний тулд тэд Хятад, АНУ хоёрын хооронд байнга маневрлах хэрэгтэй болж байгаа юм. Тус бүс нутагт тэргүүлэх гэсэн Бээжин, Вашингтоны өрсөлдөөн улам л хүчтэй болж байна. Тэгэхлээр АСЕАН-ы орнуудад үзүүлэх нөлөөний төлөөх тэмцэл улам л ширүүснэ гэсэн үг. Филиппин, Вьетнам хоёр бол цорын ганц объектууд биш юм. Хятад, АНУ-ын өрсөлдөөний дараагийн объект нь Мьянма улс боллоо. Дараагийн ээлжинд АНУ-ын ТЦХ-ний хөлөг онглцуудыг байрлуулах төлвөлгөөтөй Сингапур улс байж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Пномпеньд америкийн ашиг сонирхолын хүрээнд тус холбооны орнуудыг улам хүчтэй татахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байна.