НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөг санаатайгаар нураасан гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад ойрхи дорнодын хэд хэдэн улсыг буруутгалаа. Германы телевизийн нэгэн сувагт Асадын өгсөн ярилцлагаас иш татан Рейтер агентлаг энэ тухай уламжилсан байна. “Аннанд маш олон саад тотгор учирч байгааг бид мэдэж байгаа, гэхдээ энэ төлөвлөгөөг нурааж болохгүй учир нь маш сайн төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхийг олон орон огт хүсэхгүй байгаа нь хамгийн гол саад тотгор юм” гэж Асад мэдэгдсэн байна. Саудын Арав, Катар улсууд “алан хядагчдыг дэмжиж” босогчидод зэвсэг нийлүүлж байгаа, Түрк улс контрбандыг тээвэрлэхэд материал-техникийн тусламж үзүүлэж байгаа гэж Сири улсын ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Сирийн хямралыг зохицуулах түүний төлөвлөгөө нуран унасныг Аннан урьд нь хүлээн зөвшөөрсөн юм.