Парист 7-р сарын 6-нд “Сирийн анд нөхөдийн бүлэг” гэгчийн ээлжит хуралдаан боллоо. Энэ уулзалтад дэлхийн 100 гаруй улс орны болон олон улсын гол гол байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Өмнө нь болсон хоёр уулзалтын нэгэн адил Сири улсын албан ёсны төлөөлөгчийг оролцуулалгүйгээр түүний хувь заяаг ар худрагаар нь шийдвэрлэх гэж оролдлоо. “Анд нөхөд” гэгчид дахиад л ерөнхийлөгч Башар Асадыг нэн даруй огцруулах, Сири улсын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгахыг уриаллаа. Сирийн одоогийн удирдлагыг түлхэн унагаахын төлөө буулт хийлгүйгээр тэмцэхийг сирийн сөрөг хүчинд уриалаад мөнгө, зэвсэгээр өглөгч гараа сунгана гэж амаллаа. Хуралдааны явцад хүч хэрэглэх хувилбарыг ч авч үзэхээ мартсангүй.

Асуудлыг шийдэх “Сирийн анд нөхөдийн бүлэг” гэгчийн санааг ОУ эрс шүүмжилээд женевийн тохиролцоог мөрдөхийг түншүүддээ санууллаа. Башар Асадыг дэмжих үүднээс сирийн зохицуулалтын явцыг боогдуулах гэж байна гэж ОУ-ыг буруутгах гэж Вашингтон оролдсныг няцаалаа. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич Парист болсон “Анд нөхдийн” уулзалтыг нэг талыг барьсан, улс төрийн хувьд утга учиргүй, үеэ өнгөрөөсөн гэж нэрлэсэн байна. Гадаадад байгаа сөрөг хүчний зарим хэсэгтэй “найрамдах нь” мөргөлдөөнд оролцож байгаа талуудын сөргөлдөөнийг улам гааруулна. Ингэснээр цус урсгах явдлыг үргэлжлүүлж, улам олон хүний амь насыг бүрэлгэнэ гэсэн үг.

Орос, Хятад улс Башар Асадын дэглэмийг дэмжихээ зогсоох хэрэгтэй гэсэн үг ч Парист цухалзуулж байлаа. Москва, Бээжин хоёр Дамаскыг дэмжснийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон яаран мэдэгдсэн байна. Асуудлыг ингэж тавихыг ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков эрс эсэргүүцэж байна. ОУ сирийн ямар нэгэн улс төрчийг дэмжээгүй, мөргөлдөөний хоёр талтай адилхан харилцаж байгаа ба ингэснээр Дамаск, сөрөг хүчин хоёрыг яриа хэлэлцээрийн замд оруулна гэж найдаж байна. Сири улсын асуудлаар 6-р сарын 30-нд Женевт болсон бага хурлын төгсгөлийн баримт бичигт ийм үүргийг тусгасан байгаа. Энэ форумд оролцогчид мөргөлдөөнд оролцож байгаа Дамаск болон сөрөг хүчинтэй аль алинтай нь ажиллана гэж тохиролцсон юм. Парист цугларсан сирийн “Анд нөхөд” гэгчид сирийн зохицуулалтын энэ үндсэн шаардлагыг тоож үзээгүй бололтой.

Парисын бага хурлын өмнөхөн Барууныхан Сири улсын ерөнхийлөгчид улс төрийн оргонол олгуулах талаар ОУ-ыг ятгаж байна гэсэн яриа тараасан билээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үүнийг тайлбарлахдаа: «Өөрийн ажил хэрэг нэгт нөхдүүдтэй сирийн асуудлыг саяхан хэлэлцэж байхад Башар Асадыг бид эх орондоо орогнуулаад ингэснээрээ сирийн ард түмний асуудлыг шийдвэрлэх юм гэсэн яриаг сонсоод би үнэхээр гайхсан. Энэ нь гадаад бодлого явуулж байгаа хүмүүсийг төөрөгдөлд оруулах гэсэн оролдлого эсвэл ОУ-ын байр суурийг бүрэн ойлгоогүй явдал байх. Сири улсын болон сирийн ард түмний хувь заяаг зөвхөн сиричүүд л өөрсдөө шийдэх ёстой» гэж Лавров хэллээ.

Энэ долоо хоногт түркийн “Жумхуриет” сонинд өгсөн Сири улсын ерөнхийлөгчийн дэлгэрэнгүй ярицлагыг нийтэлсэн байна. Тэр ярилцлагад түүнийг огцруулах тухай асуудлыг хөндсөн байна. Башар Асад түлхэн унагаагдсан ираны шах Мохаммад Реза Пехлевийн хувь заяаг санууллаа. Шах хүчирхэг армитай, дэлхийн улс орнууд тэр дундаа АНУ-ын дэмжлэг хүлээсэн энэ бүс нутгийн хамгийн чухал нэг улсыг удирдаж байсан. “Тэгээд тэр ард түмнийхээ сэтгэл зүрхний хилэнг даван туулж чадсан уу? гэсэн асуултыг Башар Асад тавьсан байна. Хэрвээ манай ард түмэн намайг дэмжихгүй тийм нөхцөл байдалд би орсон бол түлхэн унагаагдах л байсан гэж тэр хэлсэн байна”. Сири улсын ерөнхийлөгч анх удаагаа сайн дураараа төрийн эрхээс татгалзах тухай ярьсан байна. Гэхдээ энэ нь сирийн хямралыг бүрмөсөн зохицуулна гэсэн итгэл найдвар байсан цагт биелэгдэх зүйл юм. Энэ асуудлыг зөвхөн сирийн ард түмэн л шийдэх ёстой гэдгийг тэрээр дахин дахин санууллаа. Харамсалтай нь Парист болсон “Сирийн анд нөхдийн бүлэг” гэгчийн уулзалтад оролцогчид тусгаар улсын хууль ёсны ерөнхийлөгчийн энэ байр суурийг хайхарсангүй.