Орос улсад хүүхэд төрөлт урьдын хэмжээнд хэвээр байвал хагас зуун жилийн дараа хүн амын тоо хоёр дахин багасах юм. Хүн ам зүйчид 7-р сарын 8-нд тэмдэглэх Бүх оросын гэр бүл, хайр, үнэнч шударга байдлын өдрийн өмнөхөн ийнхүү таамаглажээ. Таамаглал зөв үү? Энэ асуултад хариулж үзье.

Харамсалтай нь оросын дийлэнх олонхи айл ганцхан хүүхэдтэй. Гурав ба түүнээс олон хүүхэдтэй айл дөнгөж 6 хувь эзлэдэг. Харин сүүлийн жилүүдэд оросын айл хоёр, гурван хүүхэдтэй болж байна. Хүүхэд төрөлтийн коэффицент тэр даруй ялимгүй нэмэгдэв. 2011 онд Орост 2 сая орчим хүүхэд төржээ.

Гэсэн ч хүн амын тоог нэмэгдүүлэхэд энэ үзүүлэлт хангалттай биш байна. Төрөөс хоёр, гурван хүүхэдтэй болохыг урамшуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш. 2007 оноос 2 дахь хүүхэд төрсний дараа «эхийн капитал» гэгчийг олгож байна. Түүнээс гадна оросын 67 бүс нутагт 3 дахь хүүхэд төрвөл нэг удаа «эхийн шагнал» олгодог. Түүнчлэн олон хүүхэдтэй айлд орон сууц барихад нь газар талбай үнэ төлбөргүй өгч байна.

Эд материалын урамшуулал бол хүүхэд төрөлтийг дэмжих нэмэлт шижим түлхэц юм. Хүүхдийн тоо гэр бүлийн амьдралын тухай хувийн төсөлөөс ихээхэн шалтгаална гэж хүн ам зүйч, НҮБ-д суугаа Дэлхийн гэр бүлийн конгрессын элч төлөөлөгч Алексей Комов хэлээд

«Нийгэм судлалын тоо баримтуудаас харахад хүслүүштэй тооны хүүхэд хүн ам зүйн гол хүчин зүйл болсон. Үүнд гэр бүлийн байдал болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино нөлөө үзүүлнэ. Хүн олон хүүхэдтэй болохыг нэгэнт хүссэн бол санасандаа хүрнэ» гэв.

Гэвч дийлэнх олонхи айл олон хүүхэтэй болох гээгүй.Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн саяхны санал асуулгын үр дүнгээс харахад оросын оршин суугчдыг хүн ам зүйн асуудал түгшүүлэхгүй байна. Стратегийн хүн ам зүй нэг хэрэг, айлын бодит боломж өөр хэрэг юм.

Хэн нэгэн олон хүүхдийг тэжээх аргагүй байна. Зарим нь хүүхдүүдээ боловсролтой болгох эсэхэд эргэлзэж байна. «Олон хүүхэдтэй айлд таатай орчин» Орост бүрэлдээгүй гэж Улсын думын гэр бүл, эх, хүүхдийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Елена Мизулина тэмдэглэн хэлээд

«Хамгийн гол нь хүүхэдтэй айлд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр нь сургууль, хүүхдийн цэцэрлэг болон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт очих амралтын газар, ресторан юм. Ийм дэд бүтэц хүүхэд төрөлтэд нааштай нөлөөлнэ» гэв.

Орост энэ талаар юу ч хийхгүй байна гэж хэлж болохгүй. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж, хүүхдийн шинэ шинэ поликлиник барьж байна. Гэвч хурдац нь зохих хэмжээнд хүрээгүй. Нийгэм судлаачид сэтгэл зүй, эдийн засгийн асуудлуудад анхаарал хандуулж байна. Жишээ нь олон хүүхэдтэй айлын хүүхдүүд л бусдыг анхааран халамжлах хүмүүс болдог.

Хүүхэд төрөлт багасвал эдийн засгийн байдалд зохисгүй нөлөөлж, ажиллагсадыг цөөрүүлэхэд хүргэнэ. Эдийн засгийг гэр бүлтэй холбон үзэх хэрэгтэй.Тэгэхгүй бол дэлхийн эдийн засгийн хямрал хүмүүст илүү аюултай болно гэж Москвагийн УИС-ийн гэр бүлийн нийгэм судлалын тэнхимын эрхлэгч Анатолий Антонов үзэж байна.

Эдүгээ оросын гэр бүлүүдийн 20 хувь нь гурав-дөрвөн хүүхэдтэй болох бодолтой байна. 15 хувь нь аж байдлыг нэлээд дээшлүүлвэл төлөвлөгөөгө биелүүлж чадна гэж Анатолий Антонов мэдээллээ.