Хятадын эрдэмтэд засгийн газартаа хандан «нэг гэр бүл-нэг хүүхэд» зарчмааар хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогоос аль болох түргэн татгалзахыг уриалав. Тэгвэл хүн амын бүтцэд настай хүмүүсийн хувийг багасгаж, ажиллах хүчин дутагдах асуудлыг шийдвэрлэж болно гэж энэ долоо хоногт «Жунго зинзи шибао» сонинд нийтлэсэн өгүүлэлд бичжээ.

Хятадын шинжээчид хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогыг зөөлрүүлэх асуудлыг аль хэдийнэ хэлэлцэж эхлэсэн. Гэвч асуудлыг нэн даруй шийдвэрлэвэл зохино гэсэн өгүүллэлийг анх удаа нийтлэсэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судлалын төвийн ажилтнууд хүн ам зүйн бодлогыг хянаж үзэхийг санаачилсан нь анаахарал татав. Энэ нь засгийн газрын эрдэм шинжилгээний нэгэн төв билээ. Удахгүй хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогыг хянаж үзэх бололтой.

Томоохон хотуудад хүүхэд төрөлтийн коэфицент эрс доройтсныг шинжээчид онцлов. Энэ үзүүлэлт улс даяар 1,6 % ойртож, хүн амын өрийн хоргодолыг нөхөх аргагүй болсон. 1970-д оны сүүлээр хүүхэд төрөлтэд хатуу хяналт тавьж эхлэсэн нь хүн амын бүтцэд нас өндөр настай хүмүүс зонхилоход хүргэв. Үүний хамт хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийн тоо хөдөлбөргүй багасаж байна. Хятадын шинжээчдийн дүгнэлт олон улсын үнэлгээнд нийцэв. НҮБ-ын таамагласнаар өнөөгийн байдал хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд Хятад ажиллах хүчнийхээ барагцаалбал 17 хувийг алдаж мэднэ.

Эрдэмтэд «Жунго зинзи шибао» сонины өгүүлэлд хүүхэд төрөлтэд ердөө хяналт тавихгүй санал дэвшүүлээгүй. Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн үед хоёр хүүхэдтэй байхыг бүх гэр бүлд зөвшөөрч болно гэж тэд үзсэн юм. Энэ нь 30 хүрээгүй хятад хүмүүсийн тэн хагас гаруй нь хоёроос илүү олон хүүхэдтэй болохыг эрмэлзэхгүйг харуулсан санал асуулгын үр дүнд нийцэж байна. Иймээс хүн ам зүйн «тэсрэлт» болохгүй. Нөхцөл байдал улс орны өнөөгийн хөгжлийн түвшинд нийцэх юм.

Хүн ам зүйн өнөөгийн бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийн ашиг сонирхолд харшлаж байна. Юу гэвэл хөдөлмөрийн асар их хэмжээний нөөц Хятад улсын давуу тал ямагт байсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал профессор Сергей Лузянин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Миний бодоход хятадын удирдлага одоогоос таван жилийн өмнө шинэтгэл ид явагдаж, эдийн засгийн гайхамшигт үр дүнд хүрсэн үед хүн ам зүйн бодлогод засвар оруулах байсан. Амжилт, ДНБ-ний өсөлт эгэл жирийн хүмүүсийг умартахад хүргэв. Үүний улмаас хүн ам зүйн асуудал эн түрүүнд гарсан» гэв.

Олон нийт төлөвлөгөөт хүүхэд төрөлтийн бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээг сайшаан дэмжинэ. Ийм алхам хэтдээ залуу үеийнхэнд ногдуулах ачааллыг багасгах боломж олгоно. Эдүгээ Хятадад залуу гэрлэгсэд эцэг эх, эмээ, өвөө зэрэг хөгшчүүдийг тэжээж байна. Урьд нь залуучууд мөн үүргээ ах дуу нартайгаа хуваалцаж байсан. Одоо айлын ганц охин буюу хүү цалингийнхээ үлэмж хэсгийг хөгшчүүдийг тэжээхэд чиглүүлж байна. Түүнээс гадна хүүхэд төрөлтэд хатуу хяналт тавихтай холбоотой зохисгүй ажиллагаа нийгэмд дургүйцэл төрүүлж байна. Тухайлбал бараг долоон сар болсон үр хөндөхийг эмэгтэйд албадсан хэрэг явдал шуугиан дэгдээж, зэвүүцсэн тайлбараар интернетийг дүүргэв.