Өнөөдөр Ливийн иргэд сонгуулийн хэсгүүдэд очиж, 1969 онд хурандаа Муамар Каддафигийн огцоруулсан Идрис хааны үеэс хойш анх удаа нийт ард түмний сонгуульд оролцоно. Сонгогчид Зохион байгуулах хурлын 200 депутатыг сонгох ёстой. Тус хурал шинэ түр засгийн газрыг эмхлэн байгуулж, шинэ Үндсэн хуулийн төслийг зохиох комиссыг байгуулна. Үндсэн хуулиар Ливийн засгийн шинэ хэлбэрийг батлана. Комисс төслийг 120 өдрийн дотор зохиох ёстой. Дараа нь Үндсэн хууль батлах асуудлыг бүх ард түмнээр хэлэлцүүлнэ. Ливийн иргэд шинэ Үндсэн хуулийг сайшаавал парламентын сонгууль явуулж, түүний үр дүнгээр байнгын засгийн газрыг эмхлэн байгуулах юм. Зохион байгуулах хурлын 80 депутатыг намын жагсаалтаар, өөр 120 -ыг бие даасан нэр дэвшигчдээс сонгоно. 629 эмэгтэйг оролцуулан 4 мянга орчим нэр дэвшигч сонгуульд оролцож байна. Үндэсний сонгуулийн комисс бие дасан 2501, улс төрийн нэгдлүүдийн 1206 нэр дэвшэгчийг бүртгэв. Пүрэв гаригт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун сүүлийн олон жилд анх удаа бүх нийтийн сонгуульд оролцож байгаа ливийн ард түмэнд мэндчилгээ хүргэв. Түүний хэлснээр энэ нь Ливи улсын жинхэнэ ардчилсан замаар хийх том алхам юм. Гэвч сонгогчид сонгуульд идэвхтэй оролцохгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь сонгуулийн хэсгүүд эмх замбараагүй байдалд орох вий гэж олонхи иргэн болгоомжилж байгааг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв. Ливид иргэний дайн дууссанаас хойш шинэ эрх баригчид ардын журамт цэргийн зэвсгийг хурааж чадаагүй. Үүний улмаас янз бүрийн омгийн зэвсэгт мөргөлдөөн гарсаар байна.