Хятадын лут том үйлдвэрүүд АНУ-ын фондын зах зээлээс гарч байна. Энэ оны эхний хагаст хятадын 19 компани Нью-Йоркийн фондын биржэд ханш тогтоолтод оролцохоо болив. Дэлхийн томоохон «Эрнст энд Янг» аудитын компанийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Хятадын ганц үйлдвэрийн хувьцаа АНУ-ын фондын зах зээлд байна.

Илтгэлд бичснээр өнгөрсөн онд хятадын 41 үйлдвэр АНУ-ын фондын биржэд үйл ажиллагаагаа зогсоов. Харин 2010 онд ийм гуравхан компани байсан. Энэ нь дэлхийн хөрөнгө оруулагчид хятадын аж үйлдвэр, эрчим хүчний компаниудын хувьцааг тийм их сонирхохгүй байгааг харуулав. Итгэлийн хямрал гэгч Нью Йоркийн фондын бирж, «Насдак» фондын биржэд хоёр жилийн өмнө ханш тогтоолтод оролцож байсан хятадын 42 үйлдвэрийг 2011 онд 3 хүртэл цөөрүүлэд нөлөөлэв. Энэ онд америкийн фондын зах зээлд хятадын ганц үйлдвэр үлджээ. Оросын Санхүүгийн их сургуулийн шинжээч Борис Рубцов мөн хандлагыг тайлбарлан хэлэхдээ

«Сүүлийн жилүүдэд хятадын компаниуд хувьцаагаа хилийн чанадад идэвхтэй гаргаж байсан. Хятад дэлхийн зах зээлийг хувьцаагаараа дүүргэв. АНУ-ын фондын зах зээлд хятадын компаниудын тоо эрс багассан явдал тэдгээрийн байдал доройтсоныг харуулж байна» гэв.

Хятадын хэдэн компани өөрсдийгөө сурталчлахаар АНУ-ын фондын зах зээлд хувьцаагаа ханш тогтоолтод оролцуулсан. Зарим нэг нь хувьцаагаа худалдаж, хөрөнгө оруулсан юм. Энэ нь компанийн зах зээлийн өртөгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдэг. Байдлаас харахад хятадын хэсэг компани америкийн фондын зах зээлээс арга буюу гарч явж, өөр хэсэг нь үйл ажиллагаагаа сайн дураараа зогсоосон шиг байна. Ямар байсан ч асар их хэмжээний хохирол учирсан гэж Борис Рубцов хэлээд

«Санхүүгийн үзүүлэлт нь доройтсон учир фондын зах зээлээс гарах нь компанийн дүр төрхэд хүчит цохилт өгөх юм. Гарах шийдвэр өөрөө гаргасан бол өөр хэрэг. Гэвч энэ нь компанийн үйл ажиллагаанд зохисгүй нөлөөлөх нь эргэлзээгүй» гэв.

Хятадын компаниуд санхүүгийн хохирол шууд хүлээв. Америкийн фондын зах зээлийн дүрмээр гадаадын компанийн хувьцааг энд шууд худалдалгүй мөн зорилгоор гаргасан америкийн үнэт цаасаар сольж байна. Үнэн чанартаа энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрт гүйлгээнд тохируулсан хувьцаа юм. Үнэт цаас гаргах, тэдгээрийг хувьцаагаар солих зардлыг сонирхогч тал даадаг. Хожим тэр биржэд амжилттай ажиллагаа явуулж зардлаа нөхдөг. Хятадын компаниуд амжилт гаргаагүй учир их хэмжээний хохирол хүлээв.