АНУ, Япон, Өмнөд Солонгосын цэргийн эвслийн талаар ноцтой санал зөрөлдөөн гарсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн захирал Валерий Кистанов Өмнөд Солонгост шуугиан маргаан дэгдсэнтэй холбогдуулан мэдэгдлээ. Тус улсын сөрөг хүчин Сөүл Токиогийн хоорондын цэргийн анхны хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагааг тасалдуулав.

Япон, Өмнөд Солонгос, Австрали, Филиппин зэрэг өөрийн холбоотнуудын тусламжтайгаар Хятадын эсрэг фронтыг байгуулахыг АНУ оролдож байна гэж шинжээч тэмдэглэв. Эдгээр улс Хятадын эдийн засаг, цэргийн сүр хүч нэмэгдэж, Тэнгисийн цэргийн флоты нь ажиллагаа идэвхжсэнд сэтгэл түгшиж байна. Энэ нь бүс нутагт ашиг сонирхолд нь аюул учруулсан хэмээн Вашингтон үзсэн юм. Иймээс АНУ-ын санаачилга,шахалтаар Япон Өмнөд Солонгосын засгийн газруудын хооронд хоёр хэлэлцээр боловсруулсан. Эдгээр нь БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг оролцуулан цэргийн нууц мэдээлэл солилцох болон арми дундын логистик тусламж, ар талын дэмжлэгийн тухай хэлэлцээр юм. Эдгээр баримт бичгийн дагуу японы өөрийгөө хамгаалах хүчин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байж болно гэж Валерий Кистанов тэмдэглээд

«Энэ нь Япон-АНУ-Өмнөд Солонгос гурвалжны сулхан талыг бэхжүүлэх ёстой байсан. Түүний Вашингтон-Токио, Вашингтон-Сөүл хоёр тал хүчит бат бөх, Токио-Сөүл тал нь маш сулхан байна. Учир нь хоёр талын харилцаанд ноцтой зөрчил гарсан» гэв.

Солонгосын хойгт Японы түрэмгий бодлого зөрчил үүсгэв. Солонгосыг эзлэсэн жилүүдэд японы цэргийн сексийн боол болсон солонгос эмэгтэйчүүдэд олгох нөхөх төлбөр Сөүлийн хувьд маш хурц асуудал болсон. Токто(Такесима) арлдуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хоёр талын харилцааг бас хүндрүүлэв. Өмнөд Солонгос Японтой цэргийн анхны хэлэлцээр байгуулахын тулд эд бүхнийг умартна гэсэн вашингтоны тооцоолт дампуурсан гэж Валерий Кистанов үзэж байгаагаа илэрхийлээд

«Зөрчил олон байсан ч АНУ-ын шахалтаар Сөүл Токио хоёр угтан дэмжих алхам хийж эхлэсэн шиг байна. Мэдээжээр Японы эсрэг үзэл санаа гаарч, тус улсыг эсэргүүцсэн хүчин идэвхжиж шахалт үзүүлж байна. Энэ гэрээ бидэнд хэрэггүй. Япон бол тус хүрээнд бидний хамтран ажиллах улс биш гэж сөрөг хүчин үзэж байна» гэв.

Байдлаас харахад Пентагон Токио Сөүлийн хоорондын цэргийн хэлэлцээрт гарын үсэг зуруулах талаар их яарсан шиг байна. Эдгээр хэлэлцээрийг парламентад ба олон нийтээр хэлэлцүүлвэл зохино хэмээн үзжээ. Гэвч АНУ эртний солонгос үндэстний онцгой үзэл санааг харгалзаагүй гэж Москвагийн УИС-ийн Солонгосын судлалын төвийн захирал Павел Лешаков хэлээд

«Солонгосын тал өөрсдийгөө японы милитаризмаас бие дааж ангижруулж чадсангүй. ЗХУ, АНУ хоёр чөлөөсэн юм. Энэ нь Японд үндэсэрхэг үзлийн үүднээс хандахад хүргэв. 1965 онд Пак Жон Хи АНУ-ын хүчтэй шахалтад автаж Японтой харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь сонин шуу. Сөүлийн дэглэм нэлээд хатуу цэргийн байсан ч энд тэмцэл хөдөлгөөн өрнөв. Тэр үед оюутан байсан өнөөгийн ерөнхийлөгч Ли Мен Баныг шоронд хорьжээ. Тэрээр Японтой гэрээ байгуулахыг эсэргүүцсэн билээ. Өнөөгийн байдал барагцаалбал адилхан байна» гэв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль 12-р сард явагдана. Өнөөгийн эрх баригчдын ийм алхам сонгуулийн өмнөх тэмцэлд түүнийг ашиглах боломж сөрөг хүчинд олгож байна. Сөрөг хүчин 7-р сарын 16 гэхэд уучлал гуйх хатуу шаардлага ерөнхийлөгчэд тулгав. Парламентын анхдугаар хуралдаан мөн өдөр болох юм. Сөрөг хүчин японы цэрэг зэвсгийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт буцааж мэдэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзахыг шаардсаар байна.