Саяхан Өмнөд Курилын Кунаширт хийсэн миний аялалд  Япон улс хэрхэн хандах нь надад огт  хамаагүй гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр мэдэгдлээ. «Японы түншүүд Кунаширт хийсэн миний аялалд хэрхэн хандаж байгаа нь надад хамаагүй учир энэ асуултад хариулах алба  байхгүй» гэж Медведевийн хэлснийг «Интерфакс» агентлаг дурдав. Тэрээр цааш нь хэлэхдээ « Оросын засгийн газрын тэргүүн улс орныхоо бүс нутгаар аялсныг бас дахин авч үзэж хэлэлцэх шаардлага байна гэж үү?»

Оросын гадаад бодлогыг ерөнхийлөгч тодорхойлдог. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Ёсихико Нода нар 6-р сарын 22-нд Мексикэд G20 дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, нутаг дэвсгэрийн асуудлаар хатуу мэдэгдэл хийхээс түдгэлзэхээр тохиролцсон билээ. Цаашид яриа хэлэлцээ оновчтой тайван нөхцөлд, хэлэлцээний үйл явцад нөлөөлж мэдэх мэдэгдэл нийт олны өмнө хийхээс түдгэлзэх талаар ойлголцсон гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн төлөөлөгч Юрий Ушаков тэр үед мэдэгдэж байсан. Түүний хэлснээр Путин ч Японы ерөнхий сайд ч эл асуудлыг цаашид ГХЯ-дын шугамаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

ОХУ Японы хоорондын харилцаанд гарсан Өмнөд Курилын арлуудтай холбоотой нутаг дэвсгэрийн асуудлаас болж үүссэн маргаан олон жил үргэлжилж байна. Токио 1855 оны хоёр талын Худалдаа, хилийн тухай хэлэлцээрийг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын арлуудад өнгөлзөж байна. Москвагийн байр суурь Өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд олон улсын эрх зүйн дагуу Оросын эрх мэлэлд байх нь эргэлзээгүй гэдэгт оршино.