Олон улсын зууч улсын (НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) болон Тегераны төлөөлөгчид ираны цөмийн асуудлыг зохицуулахаар өнөөдөр Стамбулд уулзана. ГХЯ-ны аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхлэсэн газрын захирал Михаил Ульянов Стамбулд ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэх тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. 6-р сарын 18,19-нд Москвад олон улсын зуучид ираны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж шинжээчдийн уулзалтын асуудлаар тохиролцсон билээ. Талууд эдгээр хэлэлцээний үр дүнгээр ээлжит хэлэлцээг сайн бэлтгэхийн тулд урьдчилсан цуврал уулзалт хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. «Оросын талаас үйл ажиллагааны ийм бүдүүвчийг дэмжиж байна. Хэлэлцээ зогсоо зайгүй үргэлжлэх ёстой» гэж үүний өмнө ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдсэн байна. Москвад олон улсын зургаан зуучийн Ираны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ талуудын байр суурийг ойртуулж чадаагүйг тэрээр хүлээв. Олон улсын зургаан зууч ураныг 20-иос илүү хувиар баяжуулах ажиллагааг зогсоож, Форд дахь ураныг баяжуулах үйлдвэрийг хааж, 20 хувь хүртэл баяжуулсан уран гаргахыг Иранээс шаардаж байна. Хариуд нь Иран улс ураныг баяжуулах эрхий нь хүлээн зөвшөөрч, олон улсын хоригийг зогсоохыг шаарджээ.