Таван толгойн төсөлд гадаадын ямар компаниуд оролцох шийдвэрийг энэ оныг дуусахаас өмнө гаргах ёстой гэж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдсэн юм. Коксжох нүүрсний дэлхийн томоохон орд газрын хувь заяаг аль болох хурдан шийдвэрлэхийг ОУ сонирхож байна. Нийт нөөц нь 6,5 тэрбум гэж тогтоогдсон Таван толгойг эзэмших төсөлд “Оросын төмөр зам” \ОТЗ\ нээлттэй хувьцаат компани \НХК\ тэргүүтэй нэгдэл оролцож байгаа билээ.

Энэ төслийн тодрохой бус байдал бүтэн жил үргэлжилж байна. “Оросын төмөр зам” тэргүүтэй нэгдэл Таван толгойн төслийн 36%-ийг эзэмшинэ гэсэн шийдвэрийг жилийн өмнө Монгол улсын засгийн газар гаргасан билээ. Хятадын Чайна Шеньхуа Энержи компанийн тэргүүлсэн эвсэл 40%, америкийн Пибоди Энержи компани 24%-ийг тус тус эзэмших болсон юм. Энэ урьдчилсан зөвшилцөөнийг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сайшаагүй юм. “Нүүрсний Клондайк”-ийг ямар нөхцлөөр эзэмших тухай асуудал дотоод улс төрийн тэмцлийн “хэрүүлийн алим” болсон юм. Саяхан болсон УИХ-ын сонгуулийн үеэр Таван толгойн төслийн талаархи маргаантай асуудал нийгэмийн дунд хурцадмал байдал үүсгэлээ.

Тухайн үед засгийн газраас энэ орд газрын талаар гаргасан шийдвэр харилцан буулт хийсэн, тэнцвэржүүлсэн байдалтай байсан юм. Энэ сонголт нь Улаанбаатарын гадаад эдийн засгийн стратегийн үндсэн зарчимд нийцэж байсан учир шинжээчид гайхаагүй юм. Дэлхийн тэргүүлэх тоглогчидтой харилцах хамтын ажиллагаанаас Монгол улс ашиг олохыг бодож байна. Мэдээж хэрэг “үсрэнгүй хөгжиж байгаа” хятадын байр суурийг тооцсон биз. Нөгөө талаас Ази тив дэх нөлөөнийхөө төлөө хятадтай хүчтэй өрсөлдөж байгаа АНУ энэ төсөлд бас орсон юм. Энэ нь ямар нэг хэмээгээр хятадыг тогтоон барих хүч юм. АНД-н зах зээлд гарах боломжийн талаас авч үзэх юм бол ОТЗ компанитай түншлэх нь маш чухал юм гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Монголын секторын эрхлэгч Владимир Грайворонский тэмдэглээд: «Таван толгойн орд газраас шинэ төмөр замыг хятад руу биш зүүн хойшоо Чойбалсанг дамжуулан тавьж Транссибирийн гол төмөр замтай холбох юм. Ингэснээр монголын нүүрсийг оросын Алс Дорнодын боомтоор дамжуулан Япон, Солонгос болон гуравдах орнуудад гаргах сайхан боломж нээгдэнэ» гэж тэр ярилаа.

Монголын тал урьдын адил маневрлаж шинэ хувилбаруудыг санал болгож байгаа нь гайхал төрүүлж байгаа юм гэж ОТЗ компанийн ерөнхийлөгч Владимир Якунин үзэж байна. Таван толгойн орд газрын шинэ төмөр замын талы нь оросын оролцогчид, талы нь хятадын компаниуд барина гэсэн Улаанбаатарын санал нь Москвагийн гайхшралыг төрүүлсэн юм. Ийм бүдүүвч нь хөрөнгө оруулалтыг буцаах баталгаа өгөхгүй учраас ОТЗ НХК үүнийг зөвшөөрөхгүй. Монголын засгийн газрын энэ тууштай бус явдал зөвхөн оросын ч биш бүх хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байна гэж ОТЗ компанийн тэргүүн урьд нь мэдэгдэж байсан юм. Төслийн квотыг урьд нь хувиарласан тэр хувь хэмжээ хэзээ тогтоогдохыг хэлэхэд хэцүү байна. Нүүрсний асар их хэрэглээтэй Хятад улс юм уу, тендерт оролцсон боловч хувь олж авч чадаагүй дэлхийн томоохон компаниудад ашигтайгаар хувь хэмжээг өөрчилж магадгүй гэж шинжээчид урьд нь таамаглаж байсан юм. Мэдээж хэрэг монголын баялагын “томоохон хэсгийн” тухай яригдаж байхад гадаадын тоглогчид хүлээж л таараа. Гэхдээ хүлээлт хязгааргүй үргэлжлэхгүй шүү дээ.

Хөрөнгө оруулагчдыг бага ч гэсэн тайвшруулах чиглэлийг дээд түвшинд өгөөд байна. Тэгэхдээ Монгол улсын ерөнхийлөгчийн мэдэгдэл нөхцөл байдлыг тодруулж өгсөнгүй. Монгол улсын шинэ засгийн газар 9-р сар гэхэд бүрэлдэх ёстой. Үүнээс хойш оны эцэс хүртэл засгийн газар сонирхогч бүх талуудтай хэлэлцээр хийнэ гэж Элбэгдорж мэдэгдсэн юм. Засгийн газрыг хэр хурдан эмхлэн байгуулах вэ, шинэ танхим нэгдсэн байр суурийг баримтлаж чадах эсэхэд л асуудлын гол оршиж байгаа юм.

Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад тэргүүлж байгаа Ардчилсан нам болон МАН хоёрын хоорондох саналын зөрөө тийм ч их биш байна. Монголын улс төрийн тавцан дээрх нөхцөл байдал ойрын ирээдүйд хурцдаж мэднэ гэж үзэж байна. Цахим тоолуурт итгэхгүй байгаа учир саналыг гараар тоолохыг МАН болон бусад жижиг намууд шаардаад байна. Хоёр эрх баригч нам зөвшилцөөнд хүрээгүй байгаа цагт Таван толгойн асуудал шийдэгдэхгүй..