Ливи улсын СЕХ-ны нэг хэсэг нь байрладаг Бенгази хотын нэгэн байшинг зэвсэглэсэн хэсэг этгээдүүд эзлэж авсан байна. Ливийн зүүн нутагт өөртөө засах улс байгуулах санаатай байгаа этгээдүүд байшинг эзэлсэн гэж Ройтер агентлаг уламжилсан байна. Энэ дайралтанд оролцсон 300 гаруй хүн сонгуулийн хэсгийн байшингаас компьютер, саналын хайрцаг зэргийг гаргаж эвдлэн шатаасан байна. Ингэхдээ тэд холбооны улс байгуулах тухай уриа лоозонгуудыг хашигарч байлаа. Энэ сарын 9-нд хийхээр товлоод байсан Ливийн Үндэсний ассамблейн сонгуулийн өмнөхөн энэ үйл явдал боллоо. Энэ сонгууль нь олон жил тус улсыг удирдсан Муаммар Каддафийг түлхэн унагааж, амь насыг нь хороосон иргэний дайн дууссны дараах анхны нь юм.