Европын нэгдсэн өр байх ёсгүй, мөнгөний холбоо байх ёстой. Эдийн засгийн маш нягт интеграцийн үндэс суурийг тавьсан ЕХ-ны дээд хэмжээний уулзалт баасан гаригийн шөнө дөлөөр өндөрлөсөн юм. Европын улсуудын тэргүүнүүд маш олон асуудлаар буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дүнг шинжээчид түүхэн хэмээн нэрэллээ. Одоо хамгийн гол нь цаг алдалгүй хэрэгжүүлэх л хэрэгтэй байна, харин улс төрийн хүсэл зориг хүрэх бол уу?

Европын улсуудын төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт, еврогийн бүсийн асуудал эхлэснээс хойшх 18 дахь нь боллоо. Болсон уулзалт бүхнийг тухайн үед нь түүхэн, шийдвэрлэгч гэж нэрлэж байлаа. Харин сүүлийн энэхүү уулзалтын өмнөхөн валютын холбооны гишүүн 17 орноос 5 нь эдийн засгийн тусламж гуйсан байдалтай байлаа. Томоохон эдийн засагтай улсуудын нэг Итал улс дараагийн ээлжээ хүлээгээд байж байна. Ийм учраас ямар нэгэн шуурхай шийдвэр гаргахгүй түүнээс буцах ямар ч арга байгаагүй юм. Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Өсөлтийн европын пактыг авч үзлээ. Энэ пактад эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах болон залуучуудад ажлын байр бий болгоход туслах зорилгоор 120 тэрбум евро гаргаж өгөх асуудлыг тусгасан байсан юм.

Европын банкны холбоо байгуулах чухал алхамуудын нэг бол банкуудыг дахин капиталжуулах явдал юм. Энэ нь тэс ондоо маш нягт зарчимт интеграцид хүрэх тэргүүлэх арга барил гэж Евро комиссийн тэргүүн Баррозу үзэж байна. Энэ арга хэмжээ бол үнэхээр үр ашигтай, гэхдээ түүнийг хэрэгжүүлэх хугацаа л асуудал удах байх. Хөрөнгө оруулалтын “Универ Капитал” бүлгийн шинжилгээ судалгааны хэлтсийн дарга Дмитрий Александров ийнхүү тайлбарлаж байна: «Зөвхөн торгуулийн хориг арга хэмжээ аваад зогсдоггүй төсвийн төлөвлөлтийн хүрээнд санхүүгийн шийдвэр гаргаж чадах нэгдсэн төв болж чадах тийм нэгдсэн бүтэцэд шилжих зайлшгүй шаардлагатай байна. Харин үүнд хүрэхэд одоохондоо хол байна даа» гэж тэр хэллээ.

“Эдийн засгийн болон валютын холбоонд хүрэх зам” арван жилийн үе шаттай төлөвлөгөөний үндсэн гол чиглэл болох Европын мөнгөн сантай болох асуудлыг ЕХ-ны улсуудын төрийн тэргүүнүүд сайшаалаа. Энэ нь холбооны нэгдсэн болон үндэсний төсвүүдийн гүйцэтгэлд хяналт тавих боломж олгох юм. Европын мөнгөн сангийн шийдвэрийг ЕХ-ны гишүүн бүх улсууд заавал биелүүлэх ёстой юм.

Энэ төлөвлөгөөний өөр нэг зүйл анги болох нийт европын облигац гаргах тухай хэлэлцээрийг нураах ажил Берлиний ялалтаар дууслаа. Энэ облигацийг гаргах асуудлыг улсын өрийн хэмжээ нь боломжийн бүх лимитийг дуусгаад байгаа Итал, Испан, Франц улсууд дэмжиж байгаа юм. Энэ арга хэмжээний тусламжтайгаар эдгээр улсууд зээллэгээний үнийг бууруулна гэж найдаж байгаа юм. Хамтын евробонд гаргах нь ЕХ болон еврогийн бүсийн хүчирхэг эдийн засагтай Герман улсын эдийн засагт хүчтэй цохилт болох юм. Өнөөдөр европын бүх стабсангийн үндсэн донор нь болж байгаа Берлин нийтийн өрийн дарамтыг өөртөө хүлээхийг хүсэхгүй байна. Хуралдааны ерөнхий дүнг мэргэжилтнүүд хоёрдмол байдлаар үнэлэж байна гэж Блумберг агентлагын шинжээч Элисон Беннет ярьж байна: «Одоохондоо бид улсын сангийн холбоо байгуулсан болон евробондын талаар Ангела Меркель байр сууриа зөөлрүүлсэн байдлыг олж үзээгүй байна, ийм учраас тохиролцоонд хүрээд байгаа гэрээ хэлэлцээрүүдийг зах зээл дээр хагас арга хэмжээнүүд гэж тооцох болно» гэж тэр хэллээ.

Томоохон интеграцид хүрлээ гэж одоохондоо ярихад эрт байна гэж “Арбат Капитал Менежмент” Нээлттэй хувьцаат компанын захиралуудын зөвлөлийн дарга Алексей Голубович үзэж байна. Харамсалтай нь Европынхан хямралаар дамжиж л том итеграцид хүрч байсан юм. Энэ удаагийн гаргасан шийдвэрүүд нь еврогийн бүсийг хагаралд хүргэх аюулаас аварч байгаа юм гэж шинжээч тэмдэглээд: «Ямар ч том интеграцийн тухай яриагүй байна. Тэд одоо бүрэн тохиролцож чадахгүй, энэ процесс олон сар үргэлжлэх болно. Энэ дээд хэмжээний уулзалтын дараа еврогийн бүс бутрана гэж ярих нь шал дэмий яриа юм» гэлээ.

Авсан арга хэмжээнүүдийн үр бүтээлтэй байдалд нөлөөх гол хүчин зүйл бол цаг хугацаа юм. Шинжээчид Саркози-Меркель нарын төсвийн пактыг батласан түүхийг жишээ болгож байна. Санхүүгийн болон төсвийн сахилга батыг дээшлүүлэх асуудлыг тусгасан баримт бичгийг ЕХ-ны 3-р сарын дээд хэмжээний уулзалтаар баталсан билээ. Харамсалтай нь шаардлагатай хэмжээний олонх болох улсууд одоо болтол түүнийг батлаагүй л байна.