Сирийн асуудлаарх сайд нарын олон цагын уулзалт бямба гаригт Женевт төгсгөлийн баримт бичиг баталснаар өндөрлөлөө. Энэ баримт бичигт Сири улсад хүчирхийлэлийг нэн даруй зогсоохыг уриалаад, сонирхож байгаа бүх талыг оролцуулсан шилжилтийн засгийн газрыг тус улсад эмхлэн байгуулахыг санал болгосон байна. Сири улс нь хүний эрхийг бүрэн мөрдсөн, ардчилсан улс болох ёстой. Тус улсын ард түмэн батлах ёстой сирийн үндсэн хуулийг нийт үндэстнээр хэлэлцүүлсний үндсэн дээр дахин авч үзэх боломжийг санал болгож байна. Шинэ үндсэн хуулийн дэг журмыг тогтоосны дараа олон намын сонгууль явуулж, төрийн байгууллагуудын шинэ бүтцийг бий болгох ёстой. Сири улсад хийх улс төрийн өөрчлөн байгуулалтыг тайван замаар маш хурдан явуулах ёстой гэж төгсгөлийн баримт бичигт дурдсан байна. Сирийн хямралыг зохицуулах шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэг жилийн хугацаа л олгож байна гэж НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан тэмдэглэсэн байна. “Шилжилтийн процесс ямар байх ёстойг сирийн талд зааж сургах гэсэн оролдлого” энэ баримт бичигт байхгүй байгаа нь ОУ-ын хувьд зарчмын асуудал байсан гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бага хурлийн дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Сирийн ерөнхийлөгч Башар Асад огцрох ёстой юу, үгүй юу гэсэн асуудлыг Женевт шийдэж чадсангүй. Энэ нь ОУ-ын Барууны орнуудтай сирийн хямралын асуудлаар байр суурь нийцэхгүй байгаа гол асуудал юм. Хэлэлцээр дээр АНУ хатуу байр суурь баримтлаж байлаа. Женевийн төгсгөлийн баримт бичгийг зөвшилцөхөд америкчуудын хийсэн буулт нь маш бага байсан бөгөөд “баримт бичгийн үндсэн санаанд нөлөөлөөгүй” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон м эдэгдсэн байна. Женевт бямба гаригт зөвшилцсөн баримт бичгийн дагуу Сирийн шилжилтийн засгийн газарт Асад оролцох боломж олгохгүй гэж тэрээр тэмдэглэсэн байна. Женевийн баримт бичгийн дагуу хийх ажлаа АНУ Нью-Йоркт НҮБ-ын АЗ дээр үргэлжлүүлнэ гэж Хиллари хэлсэн байна. “Бид энэ төлөвлөгөөг НҮБ-ын АЗ дээр батлах ёстой. Энэ төлөвлөгөөг биелүүлсэн тохиолдолд авах тодорхой арга хэмжээ болон биелүүлээгүй тохиолдолд НҮБ-ын дүрмийн 7-р бүлэгт заасан хориг арга хэмжээг авахад бэлэн байх ёстой” гэж Клинтон хэлсэн байна.