Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Москва хотноо болов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн үг хэлэв. «Монгол Улс мөнхийн хөрш, уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай 20 дугаар зуунд хамтдаа хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаагаа орчин цагийн агуулга, хэмнэлээр улам бүр батжуулан өргөжүүлж байна. Түүнчлэн хоёр орны хооронд тогтоосон стратегийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай хөгжиж байгааг Элчин сайд Д.Идэвхтэн тэмдэглэлээ.

Арга хэмжээнд уригдсан зочдыг төлөөлж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик хэлсэн үгэндээ “орос, монголын ард түмнүүд сайн хөршийн төдийгүй сэтгэл санааны ойр дотны харилцаатай билээ. Манай ард түмнүүд Халхын гол, Эх орны аугаа их дайнд хамтдаа ялалт байгуулж, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалт, сансарын уудамд ч мөн л хамтдаа их үйлийг бүтээж ирсэн. Хоёр орны хооронд тогтоосон найрсаг харилцаа тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаагаар улам бүр батжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байна “гэв.

Арга хэмжээнд уригдсан зочдод Монгол Улсын хөгжил, монгол түмний соёл, өөрийн орны байгалийн өвөрмөц сайхан тогтоцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, хүндэтгэлийн зоог барив.Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд ОХУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, Москва хотноо үйл ажиллагаа явуулж буй гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, монгол судлаачид, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн гишүүд оролцов.