Хятад улс хямд бараа, хямд ажиллах хүчний орны хувьд алдаршсан билээ. Одоо байдал өөрчлөгдэж байна. БНХАУ-ын томоохон хэдэн хотод амьдралын өртөг АНУ-ын мөн үзүүлэлтээс давжээ. Mercer олон улсын компани ийм дүгнэлт хийгээд Хятадад өрнөдийн компаниудын боловсон хүчин хөлслэх зардал өсөн нэмэгдснийг тэмдэглэжээ.

Бээжин, Шанхай, Гуанжоу төдийгүй Циндао, Тяньзинь, Шэньян, Нанкин, Чэнду зэрэг таван хот тус олон улсын компанийн бэлтгэсэн дэлхийн хамгийн үнэтэй хотуудын цэст багтав.

Mercer компанийн судлагчид 6 тивийн томоохон 214 хотын байдлыг авч үзэж рейтинг зохиохдоо 200 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг анхаарав. Үүнд орон сууц хөлслөх төлбөр, тээвэр, хүнс унд, хувцас хунар, гэрийн тавилга тоноглол, зугааны зардал багтав. АНУ-ын хамгийн үнэтэй Нью Йорк хотын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг үндэслэж рейтинг зохиожээ.

2011 онд Бээжин буюу Шанхайд гадаадынхан хэвийн амьдрахын тулд эх орондоо байхаас илүү их хэмжээний хөрөнгө гаргаж байсныг рейтинг зохиогчид тэмдэглэв. Орон сууцны үнэ эрс нэмэгдэж, хүнсний ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт инфляци мэдрэгдсэн учраас амьдралын өртөг өсөн нэмэгджээ.

Mercer компанийн судалгааны үр дүн Хятадад бизнес эрхлэлт улам үнэтэй болж байгааг тусган харуулав. Эдүгээ олон улсын корпорацууд Хятадад ажиллахыг тийм их сонирхохгүй байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдүгээ Хятад гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн таатай орон хэвээр байх эсэх талаар их ярьцгааж байна.Юуны түрүүнд дээд зэргийн нарийн технологиэр бараа үйлдвэрлэх улс үндэстэн дамнасан корпорацууд эл асуудлыг сонирхож байна. Иймээс дээрх судалгаа ач холбогдолтой юм. АНУ-ын засгийн газар тухайн үед бусад улс юуны түрүүнд Хятадад шилжүүлсэн үйлдвэрүүдийнхээ нэг хэсгийг буцаах боломжийг авч үзэж байна» гэлээ.

Хятадад гадаадынхан ажиллахад хэцүү болсныг Mercer компанийн судалгаа харуулав. Хятад дахь Америкийн худалдааны танхимын судалгааны үр дүнгээс харахад боловсон хүчин хөлслөх зардал өсөн нэмэгдсэн нь америкийн хөрөнгө оруулсан 80 хувийн компанийн үйл ажиллагаанд нөлөөлжээ. Өнгөрсэн оны 11-р сараас Хятадад гадаадаас оруулах хөрөнгө үргэлж багасаж байна. Үүнд дэлхийн санхүүгийн хямрал төдийгөй бизнесийн уур амьсгалыг гадаадынханд таагүй болгож байгаа Хятадын макро эдийн засгийн байдал нөлөөлсэн.

Үнэн чанартаа байдал гайгүй байна гэж хятадын эдийн засагчид үзэж байна. Хятад хөгжлийнхөө загварыг өөрчилж, эдийн засгаа экспорт төдийгүй дотоодын эрэлт хэрэгцээг хангах тийш эргүүлж байна. Их хэмжээний алт валютын нөөц гадаадын хөрөнгө оруулалтыг сонирхох хандлагыг сулруулав. Дэлхийн компаниудыг аль болох олноор нутаг дэвсгэртээ ажиллулахыг сонирхож байсан улс одоо өөрөө олон улсын хэмжээний хөрөнгө оруулагч болсон юм.

Гэвч амьдралын өсөн нэмэгдэж байгаа өртөг өрнөдийн менежерүүд төдийгүй хятадын эгэл жирийн иргэдэд цохилт өгч байгаа нь өөр хэрэг. Энэ нь нийгмийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх хүчин зүйл юм.