АНУ Хятад, Сингапур хоёрыг Иранаас нефть худалдан авч байгаатай холбогдуулан тогтоосон хоригт хамрагдах улсуудын цэсээс хассан тухай өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ.Учир нь Хятад, Сингапур хоёр Иранээс худалдан авах нефтийн хэмжээг нэлээд багасгасан байна. Иймээс эдгээр улсын санхүүгийн байгууллагуудын эсрэг хоригийг 180 өдөр ажиллуулахгүй. Хожим энэ хугацааг сунгаж болно гэж РИА Новости агентлаг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг үндэслэн уламжлав. Урьд Вашингтон 18 улс түүний дотор Япон,Германи, Их Британи улсуудыг шинэ арга хэмжээнд хамрагдах орнуудын цэсээс хассан билээ. Юу гэвэл эдгээр улс сүүлийн үед ираны нефтийн импортыг нэлээд багасгажээ. Хятад улс энэ оны эхний улиралд Иранээс авах нефтийн хэмжээг 30 хувиар багасгасан боловч тус цэсээс өнөө болтол хасагдаагүй байсан. Ираны нефтийн импортын эсрэг АНУ-ын хоригийн зорилго эдийн засгийн улам хүчтэй шахалт Иранд үзүүлж, тус улсыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэхэд оршино.