2012 оны Олимпийн наадам удахгүй нээгдэнэ. Лондон бол Олимпийн наадмыг гурван удаа хүлээж авах анхны хот юм. Урьд 1908, 1948 онд Олимпийг хүлээн авч зохион явуулжээ. Их Британийн нийслэл 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ыг дуустал жинхэнэ «Вавилон» болж хувирна. Дэлхийн 200 гаруй улсын тамирчид ба маш олон хөгжөөн дэмжигч энэ хотод цугларах юм.

«Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчид үндэсний шигшээ багууд энэ удаагийн Олимпид хэрхэн бэлдэж, ямар найдлага тавьж байгааг сонсогчиддоо сонирхуулахын тулд олон улс орны Үндэсний олимпийн хороодын хэвлэлийн төвүүдтэй холбоо барьж харилцав. Өнөөдөр бид Олимпид тэргүүлэх хэмээн шинжээчдийн үзсэн улс орнуудын Үндэсний олимпийн хороодын ерөнхийлөгчид ба хэвлэлийн төвийн удирдагчдын өгсөн ярилцлагыг сонсогчдынхоо анхааралд толилуулна.

Британийн Олимпийн холбооны олон нийттэй харилцах хэлтсийн эрхлэгч Мириам Вилкинс «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч, Олимпийн тамирчид, зочдыг хэрхэн хүлээж авах болон Их Британийн шигшээ баг ямар төлөвлөгөөтэй байгаа тухай өгүүллээ.

«..Бид тэднийг элэгсэг дотно хүлээж авна. Лондонд 200 хэлээр ярьдаг. Гайхамшигт хөгжөөн дэмжигчидтэй байна. Миний бодоход Олимпид ирсэн ба орон нутгийн хөгжөөн дэмжигчид зочдыг дэмжинэ. Бид аль болох олон медаль авах зорилттой. Энэ нь амаргүй зорилт билээ. Учир нь Олимпийн түүхэнд хамгийн олон улсын төлөөлөгчид энэ удаагийн 2012 оны Олимпид оролцоно» гэж Мириам Вилкинс хэллээ.

Орос улс Олимпийн наадмын өмнө том зорилт ямагт тавьж ирсэн. Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков 2012 оны төлөвлөгөөний тухай «Оросын дуу хоолой» радиод мэдээлэхдээ

«Миний бодоход бид багийн албан ёсны бус нийт үр дүнгээр эхний 3-р байранд  орох бодит боломжтой байна.Энэ зорилгоор барагцаалбал 23-25 алтан медаль авах хэрэгтэй. Бээжинд манай шигшээ баг 23 алтан медаль авсныг харцуулая. Тэнд бид багийн нийт дүнгээр 3-р байр эзлэсэн. Мэдээжээр Хятад, АНУ хоёр багийн албан ёсны бус дүнгээр тэргүүлэхийн төлөө тэмцэнэ. Бидний зорилт эхний гурван  байранд ороход оршино. Олимпийг хүлээж авах английн шигшээ баг хүчтэй өрсөлдөх бололтой. Герман, Франц хоёр ч тодорхой хэмжээгээр өрсөлдөнэ гэж бодож байна. Мэдээжээр Олимпи бол онгой тэмцээн юм. Түүний хүрээнд ямар ч үйл явдал болж мэднэ» гэв.

Хятад улсад медалийн төлөвлөгөө алга. Ялах биш оролцох нь хамгитйн гол зүйл хэмээн тус улс үзэж байна. Ямар байсан ч БНХАУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч Лю Пэн тэгж хэллээ.

«Бид тодорхой тооны медаль авах зорилго хэзээ ч тавиагүй. Энэ нь бүр Бээжинд болсон Олимпийн наадамд бас хамаатай. Спортын тэмцээний үр дүнг урьдчилан лавтай таамаглах аргагүй учраас сонирхолтой. Бид Лондонд Олимпийн наадамд аль болох өндөр үр дүнд хүрэхийн тулд тамирчдаа урамшуулж байна» гэж Лю Пэн хэллээ.

Лондонд очих АНУ-ын үндэсний шигшээ баг олон гишүүнтэй байна. Тус улсын шигшээ баг багийн нийт үр дүнгээр гуравын тоонд орно гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Олимпийн хорооны олон нийттэй харилцах хэлтсийн тэргүүн үр дүнг таамаглахаас болгоомжлов. Гэсэн ч дээд зэргийн үзүүлэлтэд хүрнэ гэж амлаад

«Хэдэн медаль авахыг таамаглахад хэцүү. Гэсэн ч сүүлийн 4 жилд их сургуулилж, уран чадвараа үзүүлэхээр Олимпийг тэсч ядан хүлээж байна. Лондонд очиж боломжоо дайчилж өрсөлдвөл медаль авна» гэв.

Японы тамирчид Лондонд Олимпийн наадамд багийн нийт үр дүнгээр эхний тавны тоонд орох төлөвлөгөөтэй байна гэж Японы Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Такэда Цунэказу манай сурвалжлагчад өгүүлээд

«Алтан медалийн тоогоор эхний таван улсын тоонд орох зорилттой байна. Миний бодоход ийм үр дүнд хүрэх бүрэн үндэс бий. Эдүгээ японы тамирчид гимнастик, жу до, эмэгтэйн бөх, усан сэлэлт зэрэг төрлөөр тэргүүний байр эзлэж байна. Дэлхийн шинэ аврага амжилт гаргахыг таамаглах гээгүй. Гэвч японы тамирчид дээр дурдсан төрлөөр амжилт гаргана гэж бодож байна» гэв.

Такэду Цунеказу 1972 онд Мюнхенд, 1976 онд Монреальд Олимпийн наадмуудын хүрээнд морин спортын тэмцээнд оролцож өрсөлдсэн билээ. Иймээс түүнээс 2012 оны Олимпид оролцогчдод өгөх зөвлөмж чухал ач холбогдолтой байна.

«Тухайн үед Олимпийн наадамд өөрөө оролцсон учир урьдчилан маш хүнд сургуулилаж, сонгож авах хатуу тэмцээнийг давдгийг сайн мэднэ.Тамирчид тэр болгон ийм зиндааны тэмцээнд улс орноо төлөөлөх хүндэт үүрэгтэй болохгүй. Энэ нь их нэр хүндтэй маш их хариуцлагатай үйл хэрэг билээ.Зуны Олимпид оролцогчид спортын шилдэг чанар чадвараа илрүүлээсэй» гэж Цунеказу хэллээ.

Манай эрний өмнөх У111 зуунд гараа авсан Олимпийн наадмыг дэлхийн баяр хэмээн ямагт үзэж ирсэн. Олимпийн наадмын үеэр байлдан дайтаж байсан улс орнууд байлдааны ажиллагааг зогсоож байв. Тэгвэл ХХ1 зуунд улс орнууд энэ уламжлалыг залгамжлан улс төрийг түр зуур умартаж, спортын яруу сайхан орчинд нэвтрэх боломж хүмүүст олгож чадахгүй гэж уу?