Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэлээ. Египетийн шинэ удирдлагатай үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Путин бичсэн байна.

Египет улсын шинэ ерөнхийлөгчөөр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Мурси сонгогдсон гэдгийг СЕХ өчигдөр орой зарласан юм. Энэ мэдээг египетчүүд олныг хамарсан жагсаал цуглаанаар угтаж авлаа. Мурсийн талынхан баяр хөөрөө илэрхийлж байхад түүний өрсөлдөгч ерөнхий сайд асан Ахмед Шафикын талынхан гайхшарлаа нуухгүй байлаа. Сонгуулийн дүнг зарлахаас өмнө египетийн төр засаг аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлсэн юм. Учир нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гарч болзошгүй байсан юм. Нэр дэвшигч бүхэн ард түмнээс жинтэй дэмжлэг авсан гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов ярьж байна: «Египетийн нийгэм одоо хуваагдаад байна. Мурсиг дэмжиж байгаа нилээд том хүч байна. Хүн амын боловсролын түвшин хангалттай бус, дэд бүтэц муу хөгжсөн Египетийн тэр мужуудад түүнийг дэмжиж байгаа юм. Египетийн хөгжлийн дардан замыг сонгосон хүн амын хэсэг Шафикыг дэмжиж байгаа юм» гэж тэр ярилаа.

Хоёр нэр дэвшигчийн хүч тэнцүүхэн гэж сонгуулиас өмнө шинжээчид ярьж байсан юм. СЕХ-ны мэдээгээр Мурси сонгогчдын 51,7%, түүний өрсөлдөгч 48,3%-ийн санал тус тус авсан байна.

Инженер мэргэжилтэй Мухаммед Мурси АНУ-д мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр парламентын ажлын туршлагатай, учир нь Хосни Мубаракын үед бие даан нэр дэвшиж хэд хэдэн удаа парламентэд сонгогдож байсан юм. Мурси шинэ албан тушаалд гарсныхаа дараа төр засгийн авилгад авсан бүтэцийг өөрчлөж, шариатын хэм хэмжээг нилээд өргөн хэрэглэнэ гэж амлаж байна. Иран улстай харилцаагаа бүрэн сэргээхээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч төлөвлөж байна. Египет улс, Израиль улстай энхийн гэрээ байгуулсны дараа 1980 онд Тегеран, Каирын холбоо бүрмөсөн тасарсан юм. Египет, Иран улсуудын харилцаа холбоог сэргээх нь “миний мөрийн хөтөлбөрийн үндсэн хэсгүүдийн нэг гэж” Мурси ираны FARS агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Өөрийнхөө шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд шинэ ерөнхийлөгчийн эрх нь хэрхэн чөлөөтэй байх нь одоохондоо тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлдог Египетийн шинэ Үндсэн хууль батлагдаагүй л байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шат эхлэхээс өмнөхөн шүүхийн шийдвэрээр лалын хэт үзэлтнүүд давамгайлсан парламентыг тараасан билээ. Одоо Мурсийн талынхан ялалтаа өргөн тэмдэглэж байна. Тэгэхдээ тэд тун удахгүй баярлаад байх юмгүй гэдгээ ойлогох болно гэж Борис Долгов үзэж байна: «Зэвсэгт хүчний дээд зөвлөл хууль тогтоох засаглалын эрхийг өөртөө авч ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нилээд хязгаарласан юм. Мурси Египет улсын бодит эзэн нь болж чадахгүй. Бодит засаг нь Зэвсэгт хүчний дээд зөвлөл хэвээрээ байх болно. Ингээд Мурсиг дэмжиж байгаа талынхан түүнд бодит засаглал байхгүй гэдгийг ойлгож эхлэнгүүт л цэргийнхний эсрэг үйл ажиллагаа эхлэнэ» гэж тэр ярилаа.

Ер нь Мурсийн талынханы тухай ч биш бүх египетчүүдийн тухай ярих юм бол сэтгэл дундуур байх олон шалтаг гарч ирнэ. Хувьсгалын дараа ажилгүйдэл улам ихсэж, амьдралын өртөг улам нэмэгдсээр байна. Сонгуулийн өмнөх элбэг баян амлалтуудаа тус улсын бодит боломжтой уялдуулан зохицуулахын тулд шинэ ерөнхийлөгчид асар их хүч шаардагдах болно.