Египет улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси өчигдөр орой ард түмэндээ хандаж анх удаа хэлсэн үгийг улсын телевизийн сувгуудаар шууд дамжууллаа. Мурси хэлсэн үгэндээ египетийн ард түмнийг эв нэгдэлтэй байхыг уриалаад, Каир олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно гэж амаллаа. “Лалын ахан дүүс” лалын хөдөлгөөний улс төрийн нэг жигүүр болох Эрх чөлөө, шудрага ёсны төлөө намаас нэр дэвшсэн Мурси ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд 51,7%-ийн санал авч ялалт байгуулсныг СЕХ ням гаригт зарлалаа. Үүний дараа Мурси “бүх египетчүүдийн ерөнхийлөгч байна” гэсэн амлалтаа биелүүлж намын эгнээнээсээ гарсан байна. Ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тэрээр ерөнхийлөгч асан Хосни Мубаракын дэглэмийн эсрэг 2011 оны эхээр боссон ардын бослогын үеэр амь насаа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд талархал илэрхийлсэн байна. “Бүх тавьсан зорилгодоо хүрээгүй байгаа цагт хувьсгал үргэлжилсээр байх болно гэж” Мурси хэлсэн байна. Бүгдээрээ хуулинд захирагдах ёстой ба шүүх бие даасан байдалтай байх ёстой гэж тэр хэллээ. Тэрээр египетийн хүчнийхэн тэр дундаа цэргийнхэн, ДХЯ-ны ажилтнуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэдний ихэнх нь өөрийн ажлаа шудрагаар гүйцэтгэж байгаа, харин гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэх ёстой гэж Мурси ярьсан байна. Бүх улсуудтай тэнцвэртэй, бие биеийнхээ ашиг сонирхолыг хүндэтгэсэн, харилцан ашигтай харилцааг Каир бий болгох болно. Египетчүүд бусад улсуудын хэрэгт хөндлөнгөөс хэзээ ч оролцохгүй бөгөөд Египет улсын тусгаар тогтнолыг ганхуулах явдлыг хэзээ ч гаргуулахгүй гэж тэр онцлон тэмдэглэлээ. Үндэсний эв нэгдлээ хадгалах нь Египет улсын хувьд амин чухал асуудал болоод байна гэж Мурси хэлжээ. Египетийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч “улс орныхоо эдийн засгийн жинхэнэ хөгжлийг” эхлүүлнэ гэж амаллаа.