НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг баримтлахад Дамаск бэлэн байна. Хотуудаас цэргээ татах шийдвэр гаргахад Сири улс бэлэн байгаа ба сөрөг хүчин мөн ийм шийдвэр зэрэг гаргах ёстой. Орос, Сири улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сергей Лавров, Валид Муаллем нар Санкт-Петербургт хийсэн хэлэлцээрийнхээ үеэр ингэж мэдэгдлээ.

Сири улсын хямралыг улам гааруулахгүйн тулд ОУ-ын явуулж байгаа дипломат хүчин чармайлтын дүнг энэ уулзалтын үеэр гаргасан юм. Үүний тулд Дамаск болон сөрөг хүчнийхэн цэрэг болон цэргийн анги нэгтгэлүүдээ нэгэн зэрэг хотуудаас гаргахыг Москва уриалсан байна. Сири улсын ГХЯ-ны сайд оросын санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж Сергей Лавров Санкт-Петербургт болсон хэлэлцээрийн дүнгээр мэдэгдлээ: «Энэ санаачлагыг биелүүлэхэд сирийн засгийн газар бэлэн байна. Зэвсэгт хүчнийг зэрэг гаргах хэлэлцээрийг дэмжих болно. Аннаны төлөвлөгөөг биелүүлэхэд бэлэн байгаа тухай сирийн засгийн газрын мэдэгдлийг ажил хэрэг болгохыг бид уриалж байгаа юм. Эсрэг талуудыг үүнд бэлэн байлгахын төлөө бид их зүйл хийх ёстой. Сири улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдын бүлэг зохих төлөвлөгөө гаргаж түүний хэрэгжилтийг хянаж байх хэрэгтэй байна» гэж Лавров ярилаа.

Шаардлагатай гэж үзвэл НҮБ-ын ажиглагчдын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжихэд бэлэн байгаагаа Москва энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Харин энд НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын тухай биш ажиглагчдын тухай ярьж байгаа юм. Ажиглагчдын бүлгийг энхийг сахиулагчид солих ёстой гэж АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ахмед бен Хелли үзэж байгаа юм. Ийм солилцоо хийх НҮБ-ын мандатыг зөвхөн Дамаскын зөвшөөрөлтэйгээр олгох ёстой. Оросын ШУА-ийн Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн их сургуулийн Олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотниковын саналыг сонсьё: «Миний бодлоор АОЛ сирийн мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдэхийг оролдож байна. Үүний тулд НҮБ-ын энхийг сахиулагчдыг гадны цэргийн хүчний хувьд ашиглахыг санаархаж байна. Хэрвээ ийм хувилбар хэрэгжвэл сирийн хямралыг шийдвэрлэхийн тулд зөвхөн НҮБ-ын энхийн сахиулагчдыг оролцуулаад зогсохгүй байх. Тус бүс нутгийн орнуудын цэргүүдийг юм уу, Башар Асадын дэглэмийг солих сонирхолтой байгаа гадаад улсуудын цэргүүдийг урих болох байх» гэж тэр ярилаа.

Дэлхийн хамтын нийгэмлэг “ливийн хувилбарыг” Сири улсад давтуулах боломжийг гаргуулахгүй гэж АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ахмед бен Хелли мэдэгдсэн байна. АОЛ-ийн дотор хагарал гарсныг зарим нэг ажиглагчид ярьж байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долговын саналыг сонсьё: «АОЛ сирийн асуудлаар нэгдсэн саналгүй байна. Персийн булангийн хэд хэдэн орон тэр дундаа Саудын Арав, Катар улсууд, сирийн эсрэг гадаадын цэргийн түрэмгийлэл явуулж эхлэхийг эртнээс хүсэж байсан нь нууц биш ээ. Ер нь АОЛ-ээр дамжуулан ийм шийдвэр гаргуулахыг оролдож байсан юм. АОЛ-ийн зарим гишүүд сирийн сөрөг хүчнийг үг дуугүй дэмжихгүй байгаа учир энэ нь боломжгүй юм. Ирак, Алжир, Ливан улсууд болон Иордан улсын зарим нэгэн улс төрийн хүчнүүд Сирийн засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж байгаа юм» гэж тэр ярилаа.

Сирийн бүгд найрамдах улсын дэглэмийг түлхэн унагаах сонирхолтой арабын хаант засагтай зарим нэг улсууд өнөөгийн нөхцөл байдлын үед гараа хумихан суугаагүй бололтой. Бямба гаригт британийн “Гардиан” сонины сайт дээр нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Сирийн дэглэмийг тогтворгүй болгох тэдний хүчин чармайлтыг өөгшүүлэхийн тулд сирийн босогчидод цалинг доллар юмуу еврогоор олгох тухай Саудын Аравын төр засаг АНУ-ын өндөр албан тушаалын түшмэдтэй хэлэлцэж байгаа тухай бичсэн байна.

 Түүхэнд анх удаа сөрөг хүчний төлөөлөгчид орсон сайд нарын танхимын бүрэлдхүүнийг ерөнхийлөгч Башар Асад бямба гаригт сайшаасан байна. Ингэснээрээ тэр парламентын сонгуулийн дараа амалсан үгэндээ эзэн боллоо.