Өнөөдөр сибирийн эртний Тобольск хот «төрсөн өдрөө» тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд Сибирийн анхны нийслэлийг үндслэн байгуулсны 425 жилийн ойг тэмдэглэж байна.

Газар зүй, геополитикийн зохистой байрлал бүхий Сибирийн анхны нийслэл тухайн үед бүс нутгийн томоохон тэргүүлэгч байсан аж. Сибирийн анхны чулуун сүм болон Уралын чанадад Улаан талбайтай цорын ганц хэрэм чухам энэ хотод барьж босгожээ.

Мөн анхны хэвлэлийн үйлдвэрийг Тобольск хотод байгуулсан хийгээд сибирийн анхны сонин энд гарч, анхны сургууль, орон нутгийн судлалын музейг нээсэн юм. Оросын цорын ганц ясан эдлэлийн фабрик хотод өнөө болтол ажиллаж байна. Ясны сийлбэрээр хийсэн хосгүй гоё эдлэл нь Тобольск хотын зочдын сонирхол их татаж байна.

Тобольск хотод зочдод сонирхуулах дурсгал олон. Уран барилга, соёлын гайхамшигт 200 гаруй дурсгалыг задгай талбар дээр үзүүлж байна. Тобольск хотын насанд хүрсэн арван оршин суугчийн нэгэн нь аялал жуулчлалын бизнесийн салбарт ажилладаг. Сүүлийн хоёр жилд жуулчдын тоо бараг 30 хувиар өсөн нэмэгдсэн гэж Тобольск хотын захиргааны аялал жуулчлалын хорооны тэргүүлэх мэргэжилтэн Елена Распопова мэдээлээд

«Жишээ нь 2011 онд дөнгөж 103 мянган хүн амтай Тобольскод 168 мянган жуулчин аялав. Гадаадын жуулчдын тоо бас өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онд Герман, Швед, Швейцар, Австрали, Хятад зэрэг улсын 300 орчим аялагч ирсэн. Х1Х зууны дундуур цөлөгдсэн 1500 орчим польш хүн, ХУ111 зууны эхээр Хойд дайнд оролцсон швед хүмүүс энд Тобольскод сууж байв. Энэ нь гадаадын зочдын анхаарлыг бас татаж байна» гэлээ.

Сүрлэг цагаан чулуун Кремль бол Тобольск хотын бахархал мөн. Тэр 30 барилга байгууламжаас бүрэлдэж байна. 1681 онд тулга чулуу нь тавигдсан 75 метр өндөр гонхон бүхий гайхамшигт Софи-Успений дуган гол байгууламж нь болсон юм.

Тобольск хотын баялаг түүх дэлхий даяар алдартай олон хүний нэртэй холбоотой. Тухайлбал химикч Дмитрий Менделеев, нэрд гарсан «Алтан гургалдай», «Оройн хонхны дуу» романсуудыг зохиосон хөгжмийн зохиолч Александр Алябьев нар энд төржээ.

Форум, наадам, тэмцээн, концерт гээд сонирхолтой маш олон арга хэмжээг баярт зориулжээ. Сибирийн анхны амбан захирагч Матвей Гагарины дурсгалд зориулсан самбарыг саяхан нээв. Оросын нэрд гарсан жуулчин Фёдор Конюховын зургийн үзэсгэлэн ба хотын оршин суугчдыг оролцуулан зохион байгуулсан «Миний хайрт хот: түүх ба өнөө үе» гэрэл зургийн үзэсгэлэн ажиллаж байна. Өнөөдөр Тобольскод «Улс үндэстний нөхөрлөл» үндэсний соёлын наадам болж, «Тобольскын бэлэг дусгалын зүйл» орон нутгийн дархчуулын үзэсгэлэн гарч байна. Өнөө орой хотод оросын эстрадын оддын концерт ба баярын галын наадам болох юм.