Каирын олон мянган оршин суугч Тахрир талбайд цугларч, «Лалын ахан дүүс» хөдөлгөөний нэр дэвшэгч Мухаммед Мурсийг ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч хэмээн зарлахыг шаардаж байна. Хөдөлгөөний төлөөлөгч Махмуд Гозляны мэдэгдсэнчилэн Ахмед Шафикыг түрүүлэгчээр зарлах нь арми, ард түмний сөргөлдөөнд хүргэж мэднэ.

Үүний өмнө 2 дахь шатны санал хураалтад оролцсон Мухаммед Мурси Ахмед Шафик хоёр сонгуульд ялснаа тус тус зарласан билээ. Шинжээчид Египетэд болж байгаа үйл явдлыг өөр өөрөөр үнэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зарлах хугацааг хойшлуулсан нь үр нөлөөтэй этгээдүүд эцэст хэн улс төрийн тайзанд ямар байр эзлэх асуудлаар тохиролцохыг оролдож байгаатай холбоотой гэж зарим шинжээч үзсэн юм. Арабын ба африкийн судлалын төвийн шинжээч Мамдух Хабаши хэлэхдээ

«Энэ удаагийн сүржин бүх мэдэгдэл бол аль болох их эрхтэй болох гэсэн оролдлого юм. Эдүгээ египетийн янз бүрийн улс төрийн хүчин үр нөлөө үзүүлэх хүрээг зааглаж, аль болох их хөнгөлөлт олохыг оролдож байна. Миний бодоход ойрын үед байдал тогтворжих юм. Энэ удаагийн байдал цуст мөргөлдөөн болж хувирахгүй байх» гэв.

Гэвч бусад шинжээчид өөр саналтай байна. Египетийн нийгэм барагцаалбал хоёр хэсэгт хуваагдсныг санал хураалтын урьдчилсан үр дүн харуулав. Хоёр нэр дэвшэгчийн мэдэгдлүүд сүрхий шинжтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд чухам хэн ялснаас үл шалтгаалан ялагдсан нэр дэвшэгч гомдол зэмлэлээ илэрхийлэх нөөц боломжтой байх болно. Оросын дорно дахиныг судлагч Вячеслав Матузов саналаа илэрхийлэн хэлэхдээ

«Египет дотоодын зөрчилд нэрвэгдсэн. Тус улс хоёр хэсэгт хуваагдлаа. Нэг хэсэг нь Шафикын, нөгөө нь Мурсийн талд байна. Лалын хэт даврагч улс орныг удирдах ёсгүй гэж Шафик мэдэгдлээ. Мурси ч хатуу мэдэгдэл хийж байна. Саяхан болтол Африк тивийн тэргүүлэх улс байсан Египет байр сууриа алдаж, эмх замбараагүй байдалд орж байна. Тэр ч байтугай олон улсын тавцанд Египет улсын үүрэг нэлээд сулрав. Энэ нь ялангуяа Арабын улсуудын холбоонд хамаатай. Египет энэ байгууллагад ялимгүй нөлөө үзүүлэх болсон» гэв.

Египетэд улс төрийн шинэ хямрал гарах эсэх нь өнөөгийн гол асуудал болсон. Удахгүй эл асуудалд өгөх хариу тодрох юм.