Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг юм. Чуулган 6-р сарын 21-нд нээгдэнэ. Дэлхийн эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр дэлхийн улс төр, санхүү болон бизнес элитийн мянга таван зуу гаруй төлөөлөгч Петербургэд хүрэлцэн ирээд байна.

Чуулганы соёлын хөтөлбөр ч дутахааргүй төгс, нэр хүндтэй байх юм. 6-р сарын 20- нд уг хөтөлбөрийг уламжлал ёсоор Санкт-Петербургийн төв - Ордоны талбай дээр болох гайхамшигтай концертийн хөтөлбөр нээнэ. Концертын хөтөлбөрт янз бүрийн жилүүдэд Стинг, Duran Duran, Роджерс Уотерс зэрэг дэлхийн хэмжээний одууд оролцож байсан . Энэ үдэш хөтөлбөр бүхэлдээ дуурийн урлагт зориулагдах болно. Тайзнаа дуурийн урлагийн хосгүй мастер Дмитрий Хворостовский, солонгосын дуурийн од Суми Йо болон анх удаа Орос улсад ирсэн арван хоёр настай гайхамшигт сопрано Жэки Иванко нар дуулна.

Санкт-Петербургийн Мариин дуурь, бүжгийн театр нь чуулганы соёлын арга хэмжээнүүдийн гол талбаруудын нэг байх юм. Хөтөлбөрүүдэд оролцогчид нь сонгодог бүтээлүүдийг үзэх боломжтой төдийгүй – Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжиг жил бүр танхим дүүрэн үзэгчтэй байдаг юм. Тус театрын улирлын нээлт ч яг энэ өдрүүдэд таардаг төдийгүй 6-р сарын 21 нд Жузеппе Вердийн “Реквием” /”Эмгэнэлт дуу”/дуурь тоглох юм. Энэ дуурийг Мариин театрын тайзнаа нэрт найруулагч Даниэле Финци Паска тавьсан гэж тус театрын хэвлэлийн атташе Оксана Токранова хэлээд

”Эмгэнэлийн дуу” дуурийг Вердийн 26 дахь дуурь гэж нэрлэдэг. Үнэндээ бол энэхүү бүтээл нь жанрын хувьд яруу төгөлдөр, хүчлэлтэй бөгөөд дууриас шал өөр. Энэхүү бүтээлийг тайзнаа амилуулахаар гайхамшигтай илбэч, алиалагч бөгөөд оросын үзэгч олонд дю Солей Циркээрээ танил болсон нэрт найруулагч Даниэле Финци Паскаг урьсан юм. Тэрээр өнгөрсөн жил өөрийн багийнхаа хамт Вердийн “Аида” дуурийг концертын танхимд найруулан тавьсан. Яг одоо “Реквием“ дуурийн эрчимтэй сургуулилтууд явагдаж байна. Уг жүжиг тайзны тавилтынхаа хувьд маш хүнд. Чухамдаа энд театрын олон төрлийн гайхамшгуудыг харуулах болно» гэлээ.

Түүнчлэн Мариины театрт Огюст Родены уран бүтээлийн үзэсгэлэн гарна: энд түүний 100 гаруй бүтээл байхын дотор мастерын уран барималууд, эскизүүд болон хувийн архивын 100 гаруй бүтээлүүдийг дэлгэн харуулах юм. Энэ бол өмнө нь Орос улсад гарч байгаагүй үзэсгэлэн. Жил бүрийн Петербургийн эдийн засгийн чуулганы сүүлийн өдөр бас нэгэн чухал үйл явдал болдог юм. Энэ бол чуулгантай давхацдаг ерөнхий боловсролын сургуулиудын төгсөгчдийн “Алые паруса” /”Улаан дарвуулт онгоцууд”/ үдэшлэг байдаг юм. Уламжлал ёсоор уг баяр нь хотын төвийн Дворцовая плошадь талбай дээр болдог. Талбайн дэргэд урсдаг Нева мөрөн дээр үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай гэрлийн шоу болдог.