Дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид "ногоон эдийн засгийн" зарчмуудыг авч үзэж хэлэлцэж байна. Энэ сарын 20-22 өдрүүдэд Бразилийн Рио-де-Жанейро хотноо НҮБ-ын хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн бага хурлын « Рио + 20»дээд хэмжээний уулзалт болно. Ерөнхий сайд Дмитрий Медведев ОХУ-ыг төлөөлөх юм.

Дэлхийн 100 гаруй улсын удирдагчид үндэсний хөгжлийн стратегийг экологийн ногоон эдийн засаг гэгчийн зарчмуудад шилжүүлэн хөгжүүлэх асуудлыг зохицуулахаар Рио-де-Жанейрод цугларчээ. Манай сурвалжлагч Александр Краснов Бразилиас уламжлахдаа

«НҮБ-ын «Рио + 20» тогтвортой хөгжлийн бага хурал энэ өдрүүдэд Рио-де-Жанейрод хуралдаж байна. Энэ нь соёл иргэншлийн хөгжлийн хүрээнд экологийн асуудлыг авч үзэх олон улсын томоохон арга хэмжээ юм. Одоогоос яг 20 жилийн өмнө тус хотод «Рио - 92» экологийн томоохон анхны бага хурал хуралдсан билээ. Энэ нь дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчдын хэмжээнд дэлхийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, хүрээлэн буй орчин хамгаалах асуудлыг хэлэлцэх гэсэн анхны оролдлого болсон» гэв.

Энэ чиглэлээр тодорхой амжилт гаргасан гэж түүнээс хойш 20 жил өнгөрсөн өнөө үед хэлж болно. Гэвч хөдөлгөөн хүсүүштэй хурдацтай урагш ахихгүй байна гэж Дэлхийн онгон байгалийн сангийн байгаль хамгаалах бодлогыг хариуцсан захирал Евгений Шварц тэмдэглээд

«Одоогоос 20 жилийн тэртээ Риод дээд хэмжээний уулзалтаас гаргасан олон шийдвэрийг биелүүлсэн. Биологийн олон төрлийн асуудлаархи Конвенцийг ямар байсан ч хэрэгжүүлж байна. Түүнчлэн НҮБ-ын цаг уурын конвенци ба Киотын протоколд гарын үсэг зурав. Түүнээс хойш 10 жил өнгөрсний дараа Йоханнесбургад мянганы тогтвортой хөгжлийн зорилгыг батлажээ. Одоо «ногоон эдийн засгийн» үзэл баримтлал бий болсон. Гэвч тэр хэдэн шалтгаанаас болж бүрэн ажиллаж эхлээгүй» гэв.

«Ногоон эдийн засгийн» үзэл баримтлал хүлэмжийн хийн хаягдлыг багсгаж, байгалитйн нөөцийг илүү оновчтой ашиглахад чиглэгдсэн юм. Үүнд улс орнуудад нэлээд их хэмжээний санхүү шаардагдана. Зарим улс ийм хэмжээний хөрөнгө гаргах боломжгүй байна. Эдийн засгийн шинэ шинэ зарчмыг нэвтрүүлэхэд хөрөнгө гаргахыг хүссэн улс хөгжингүй орнуудын дотор цөөнхөн байна. Энэ нь 2008 оны хямралын хор уршигтай холбоотой юм.

Түүнээс гадна «ногоон эдийн засаг» гэгчийн бүх улсад таарах нэгдсэн загвар байж болохгүй. Үндэсний онцлогийн тухайд гэвэл улс бүр өөрийнхөө ашиг сонирхолыг дээдлүүлнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд НҮБ-ын тогтвортой хөгжлийн бага хурлын төгсгөлийн баримт бичгүүдийг зохицуулах ажлын хэсгийн сүүлчийн хуралдаанаар хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлыг авч үзэх дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаглалын эх бичгийг уялдуулан зохицуулж чадсангүй. Иймээс дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид баримт бичигт гарын үсэг зурах эсэх нь тодорхой биш байна. Тунхаглалаас гадна дэлхийн цаг уурын өөрчлөлт, биологийн олон төрөл болон цөлжилттэй хийх тэмцэлд зориулсан хэдэн баримт бичигт бас гарын үсэг зурах юм.