Өнөөдөр НҮБ-ын АЗ Сирид ажилласан ажиглагчдынхаа тэргүүн Роберт Мудын илтгэл сонсоод цаашид тус улсад явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулна. НҮБ-ын ажиглагчид 4-р сарын сүүлээр Сири улсад ажиллаж эхлэснээсээ хойш анх удаа үйл ажиллагаагаа тайлагнана.

Сирид хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлсэн учир үйл ажиллагаагаа түр зогсооно гэж өнгөрөгч бямба гаригт НҮБ-ын ажиглагчид мэдэгдсэн билээ. Мөн сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр тал засгийн эрхийг эв зүйгээр шилжүүлэх биш хямралын асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэхийн төлөө байна гэж Роберт Муд мэдэгдэв.

Москва НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааг Сири улсад аль болох түргэн сэргээхийн төлөө байгаагаа НҮБ-ын АЗ-ийн хуралдааны өмнө илэрхийлэв. Үүний хамт оросын тал Сирийн засгийн газар ба зэвсэгт сөрөг хүчинд хандан ажиглагчдыг сирийн янз бүрийн нутагт саадгүй аюулгүй оруулахыг уриалав. Түүнээс гадна гал зогсоох дэглэмийг хэрхэн даган мөрдөж байгааг шалгах болон орон нутагт яриа хэлэлцээг төлөвшүүлэхэд туслахыг уриалсан байна.

Байдлаас харахад Оросын төлөөлөгч улс орныоо байр суурийг НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр тодорхойлох юм. Түүнчлэн Москва Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах тухай санаачилгаа урагш ахиулахад НҮБ-ын индэрийг ашиглах бодолтой байна. Бага хурлын гол зорилго сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талд нэг зэрэг шахалт үзүүлэх замаар НҮБ-ын АЗ-ийн сайшаасан Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оршино.

Стратегийн үнэлгээ, магадлан шинжлэлийн хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко хэлэхдээ «Өрнөдийнхөн Башар Асадын дэглэмийг устгахыг санаархсан байх Гэвч тэгэх нь бүс нутаг ба Израиль улсад ноцтой хор холбогдолтой болж мэднэ. Өрнөдийнхөн сирийн дэглэмийг түлхэн унагахыг санаархсан ч геополитикийн тодорхой нөхцлөөс болж төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй байгаа сонин байдал тогтов. Үүнтэй холбогдуулан эл асуудлаархи Орос, Хятад улсуудын байр суурийг зохих ёсоор үнэлэх хэрэгтэй. Чухам эдгээр хоёр улсын байр суурийн ачаар л Ойрхи Дорнод эмх замбараагүй байдалд бүрмөсөн гулсан ороогүй байна» гэв.

Орос улсаас сөрөг хүчинтэй тэмцэх байлдааны нисдэг тэргүүдээ Сири улсад нийлүүлэх гэж байна гэж өрнөдийнхөн Москваг зэмлэсээр байна. Орос улс Сирид нисдэг тэрэг нийлүүлэхгүй байгааг өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын гудамд батлан илэрхийлэв. Түүний хэлснээр Орос улс аль хэдийнэ тус улсад нийлүүлсэн нисдэг тэргүүдийг засварлаж байна. Хуучирсан хэдхэн нисдэг тэргийн талаар өгүүлж байна гэж Дмитрий Песков нэмж хэллээ.

Хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлсэн нөхцөлд Оросын байлдааны хэдэн хөлөг онгоц Сири улс руу зорин явах тухай өчигдөр Тэнгисийн цэргийн флотын жанжин штабын эх сурвалжаас мэдээлжээ. Сирийн Тартус боомтод тусгай зорилтыг биелүүлэхээр эдгээр хөлөг онгоц төлөвлөгөөнөөс гадуур Газрын Дундад тэнгист гарна гэж тэрээр тайлбарлан хэлэв. Оросын Тэнгисийн цэргийн хүчний материал-техникийн хангамжийн цэг тус боомтод байдаг. Десантын том хөлөг онгоцууд ба аврах чирүүл онгоц тийшээ явна. Тэнгисийн хэсэг явган цэрэг десантын хөлөг онгоцуудад байх болно. Тэд шаардлагатай тохиолдолд Сирид оросын иргэдийн аюулгүй байдлыг хангаж, материал-техникийн хангамжийн цэгийн эд хогшилын нэг хэсгийг нүүлгэж тээвэрлэх юм.