“Ногоон уураг”гэж нэрлэгддэг амьд организмын биолюминесцентийн гэрэлтэлтээр 2008 онд химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Симомура Осаму Сибирийн холбооны их сургуульд \СХИС\ ажиллахаар Красноярск хотод хүрэлцэн иржээ. Ийм мундаг эрдэмтнийг ажиллуулахдаа ямар ч дээд сургууль баяртай байх болно. Оросын их, дээд сургуулиудад дэлхийд нэртэй эрдэмтдийг урьж ажиллуулах боломжийг хангах засгийн газрын грантыг СХИС авч чадсан юм. ОУ-д ажиллахыг зөвшөөрсөн тухайгаа японы эрдэмтэн тайлбарлахдаа сүүлийн жилүүдэд химийн салбар дахь биолюминесцентийн суурь судалгааг сибирийн энэ их сургуульд маш сайн хийж байгаа гэж ярьсан байна. Энэ салбар дахь дэлхийн тэргүүлэх байр суурийг яг оросын эрдэмтэд эзлэж байгаа гэж Симомура манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлжээ: «Сибирьт маш хүйтэн байх гэсэн бодолтой би ирсэн, харин намайг тэсвэрлэхийн аргагүй халуун угтаж авсан. Миний шинжлэх ухааны сонирхол, энэ их сургуулийн сонирхол хоёр олон талаар ижил байгаа учир би энд ирсэн юм. Миний 50 жил судлаж байгаа “ногоон уураг”-ыг одоо энд тэндгүй анагаахын шинжлэх ухаан болон эд эсийн биологт ашиглаж байна. Ийм учраас л дэлхийн маш олон эрдэм шинжилгээний байгууллагууд энэ салбарт суурь судалгаа хийхээ больсон, харин энэ их сургуульд энэ судалгааг үргэлжлүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд энэ сэдвээр анхаарал татахуйц, жинтэй өгүүллүүдийг оросын эрдэмтэд л нийтлүүлж байгаа юм. Шинжлэх ухаанд асар их өгөөжтэй мөөг, хорхой шавьжны гэрэлтэлтийг энд судлаж байгаа юм» гэж тэр ярилаа.

Японы эрдэмтэнтэй хийх хамтарсан төсөл гурван жилийн хугацаатай бөгөөд гэрээнд заасны дагуу Симомура Осаму жилд 3-4 сар энд ажиллах ёстой юм. Түүний эзгүй хойгуур ч түүний удирдсан ажил үргэлжлэх болно. Учир нь энд Биолог, биотехнологийн суурь судалгааны хүрээлэнгийн профессор, түүний хамтран зүтгэгч Иосиф Гительзон ажиллаж байгаа юм. Тэрээр японы эрдэмтэнтэй олон улсын бага хурлын үеэр уулзаж түүний лаброторт нь очиж бүр найзлаж амжсан юм. Красноярскын химичдын хувьд энэ нь том үсрэлт юм гэж Оросын ШУА-ийн Биолог, биотехнологийн суурь судалгааны хүрээлэнгийн профессор Иосиф Гительзон ярьж байна: «Профессор Симомура бол супер ангилалын органик химич юм. Тэрээр бүх судалгааг өөрийн гараар хийдэг заншилтай юм. Оюутнууд түүний удирдлага дор ажиллах нь ямар их ач холбогдолтой бэ гэдгийг би төсөөлөн бодож байна. Хамгийн тэргүүний шинжлэх ухаан яаж хийгддэгийг тэд нүдээрээ үзэх болно. Зөвхөн компьютерийн тусламжтай биш өөрийн гараараа хийнэ. Өөрийнхөө толгойгоор, өөрийнхөө гараар хийх болно» гэж тэр ярилаа.

 

Красноярскын эрдэмтэд Симомура Осамутай хамт мөөгний гэрэлтэлтийн нууцыг судлах юм. Амьд организмын гэрэлтэлтийн механизмын нууцыг нээх нь шинжлэх ухааны томоохон нээлт болно гэж тэд үзэж байгаа юм. Гэрэлтэгч уургын тусламжтайгаар хорт хавдарыг эхэн үед нь илэрүүлэх боломж нь энэ судалгааны практик үр дүн болох юм. Энэ бол мега төсөл гэж СХИС-ийн биофизикийн тэнхимийн эрхлэгч Валентина Кратасюк ярьж байна: « Өнөөг хүртэл биолюминесцентийн салбарт бид үндсэндээ суурь судалгаа л хийж байсан юм. Технологийг арилжаанд оруулахыг цаг хугацаа шаардаж байна. Судалгаа шинжилгээнийхээ үр дүнг арилжааны бүтээгдхүүн болгохын тулд манай ирээдүйн лабораторт реагент, багаж хэрэгсэл, аргачлал зэргийг бүтээх болно» гэж тэр ярилаа. СХИС-ийн түүхэнд анх удаа Нобелийн шагналтан ажиллах юм байна. Энэ бол анхны алтан хараацай гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Сибирьт дэлхийд нэртэй эрдэмтэд ирж ажиллах нь ойрын ирээдүйд жирийн л практик ажил болно.