Бо Силайтай холбогдсон шившигт явдал Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэдгийг өнөөдөр болсон Чунциний ХКН-ын бага хурал дээр энэ мегаполисын намын хорооны шинэ дарга Чжан Дэзян хүлээн зөвшөөрчээ. Британы нэртэй бизнесмений үхэлтэй холбогдуулан шуугиантайгаар огцруулсан Бо Силайн оронд тэрээр Чунциний намын хорооны нарийн бичгийн дарга болсон юм. Энэ шившигт явдалд тэр улс төрчийн авгай Гу Кайлай, тус мегаполисын цагдаагийн газрын дарга асан Ван Лизюнь нар оролцсон байна. Бо Силайн удирдлага дор хот өндөр хөгжилд хүрсэн боловч энэ шившигт явдал хотын намын хорооны ажлыг сүүдэртүүлсэн гэдгийг Чжан Дэзян хүлээн зөвшөөрсөн гэж хятадын “Женьминь жибао” сонинд бичсэн байна. Өнгөрсөн таван жилд олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон амжилтыг британы бизнесмен Нил Хейвадын үхэлтэй холбоотой Ван Лизюнийн болон, “сахилга батын ноцтой зөрчил гаргасан нөхөр Бо Силайн” үйл ажиллагаануудаас ялгаж салгаж үзэхийг Чунциний намын хорооны шинэ нарийн бичгийн дарга уриалсан байна. ХКН-ын удирдлага 4-р сард Бо Силайн Хятадын КН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнчлэлийг зогсоосон явдал тухайн үед ихэд нэр хүнтэй байсан энэ улс төрчийн улс төрийн карьер дуусаж байгааг илтгэсэн гэж “Рейтер” агентлаг тэмдэглэсэн байна.