Өнгөрч буй долоо хоногт ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Иран, Афганистан улсуудад яаралтай айлчлал хийлээ. Тегеранд болсон уулзалт дээр Москвагийн санаачлаад байгаа Сирийн асуудлаарх олон улсын бага хуралд Иран улсыг оролцуулах тухай болон Москвад болох “зургаагийн” хэлэлцээрт бэлтгэх зэрэг олон улсын асуудлыг хэлэлцлээ. Хоёр дахь уулзалт нь Афганистан улсыг сэргээхэд зориулсан бүс нутгийн бага хурлын хүрээнд болсон юм.

Сергей Лавровын Иранд хийх айлчлалыг урьд нь төлөвлөөгүй байсан учир маш давчуу хугацаанд бэлтгэсэн байна. 7-р сарын 1-нээс ЕХ-ны Иран эсрэг нефтийн хориг эхлэх ёстой. 1979 оноос эхлэн нэг бус удаа ЕХ-ны бай болж байгаа Тегеран “эдийн засгийн жихад” хийнэ гэж хариулдаг юм. Үүнээс гадна 6-р сарын 18-19-нд Москвад Иран улстай цөмийн асуудлаар хийх “зургаагийн” хэлэлцээр эхлэх юм. Бээжинд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Тегеран энэ уулзалтад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Иран улс, ЕХ мэдэгдэлүүд харилцан солилцсон бөгөөд үүнээс болоод энэ хэлэлцээр тасрах ирмэгт тулсан юм. Хэрвээ Москвад болох “зургаагийн” хэлэлцээр үр дүнгүй болвол Иран улсад үзүүлэх даралт шахалтаа нэмэгдүүлнэ гэж Вашингтон урьд нь мэдэгдсэн юм. Яг ийм нөхцөлд Сергей Лавровын Иран улсад хийх “урьдчилан таахын аргагүй” айлчлалын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө маш түгшүүртэй байлаа. Лхагва гаригт ираны гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтынхаа дараа Сергей Лавров москвагийн уулзалтанд оролцох бүх талууд үр бүтээлтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэдэгт найдаж байна гэж мэдэгдсэн байна.

Ираны ГХЯ-ны сайд Али Акбар Салехи Москвад дэвшил гарна гэдэгт итгэж байна. ОУ-д болох уулзалтанд ямар тодорхой саналтай очих гэж байна гэсэн сэтгүүлчдийн асуултад Салехи тодорхой хариулт өгсөнгүй. Харин тэрээр сирийн асуудлыг зохицуулах олон улсын бага хурал хуралдуулах тухай оросын санаачлагын талаар тодорхой ярилаа. Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхгүй байгаа учир Сирийн байдалд шуурхай оролцох шаардлагатай байна. Зарлан хуралдуулах гэж байгаа бага хурал нь гадны тоглогчид хямралыг зохицуулахыг хэрхэн сонирхож байгааг илтгэн харуулна гэж Сергей Лавров тэмдэглээд:«Тиймээ бид Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхэд бэлэн байна гэж талуудаар хэлүүлэх нь манай бага хурлын гол зорилго юм. Үүний тулд гадаадын тоглогч бүр сирийн талуудад үзүүлэх өөрийн нөлөөгөө ашиглаж АЗ-ийн тогтоол болон Аннаны төлвөлөгөөний дагуу шаардаж байгаа хүчирхийллийг зогсоохыг сиричүүдээс шаардах ёстой. Аннаны төлөвлөгөө ажиллахгүй байна гэж тэдний зарим нь ярьж эхлээд байна» гэж ярилаа.

Лавровын хэлсэн сүүлийн үг АНУ-д л хандах шиг боллоо. Аннаны төлөвлөгөө бүрмөсөн нуран уналаа гэж төрийн департаментийн тэргүүн Хиллари Клинтон урьд нь мэдэгдэж байсан юм. ОУ Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлэж байна гэсэн түүний мэдэгдлийг Сергей Лавров няцаалаа. Персийн булангийн бүс нутгийн орнуудад ийм тусгай хэрэгслийг байнга нийлүүлж байгаа АНУ-ыг бодвол “энхийн жагсагчдын эсрэг хэрэглэж болох ямарч зэвсгийг” Москва хэнд ч нийлүүлээгүй учраас ОУ хэний ч өмнө уучлалт гуйх шаардлага байхгүй гэж тэр онцлон тэмдэглэлээ.

Сергей Лавров, Али Акбар Салехи нар Тегеранд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Сири улсын талаарх орос, ираны байр суурь улам ойртсон гэж тэмдэглэсэн байна. Тус бүс нутгийн тэргүүлэх орнуудын нэгийн хувьд Иран улс бага хуралд оролцох ёстой гэж Москва үзэж байгаа юм. Түүний оролцоогүйгээр олон улсын хүчин чармайлт бүрэн үр бүтээлтэй болж чадахгүй. Харин Вашингтон үүний эсрэг байгаа юм.

Дараачийн өдөр нь Сергей Лавров Афганистаны асуудлаарх бүс нутгийн бага хурал болж байсан Кабулд хүрэлцэн ирсэн юм. Талибууд байнга дайрч байгаа учир тэнд аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авсан байлаа.

Афганистанд энхийн амьдралыг бий болгож сэргээх болон аюулгүй байдлыг хангах асуудал Кабулын бага хурлын гол сэдэв байлаа. Энэ бүс нутгийн тэргүүлэх орнууд Иран, Пакистан, Энэтхэг, Хятад, Орос улсууд мэдээж хэрэг Афганистан улс энэ бага хурлын оролцогчид юм. Их Британи, АНУ, Франц, Япон улсуудаас гадна 10 гаруй улсууд ажиглагчийн статустай оролцсон байна.Энэ бага хурлыг барууныхан “Азийн зүрх” гэж нэрлэсэн байна. Мансууруулах бодисыг үйлдвэрлэх, борлуулах болон алан хядах ажиллагаатай тэмцэх зэрэг асуудлуудыг оролцуулаад хамгийн янз бүрийн салбаруудад хамтран ажиллах болон харилцан итгэлцэлийг бэхжүүлэх арга хэмжээг ургаш ахиулах долоон ажлын хэсгийг байгуулахаар энэ хуралдаанаар шийдсэн байна. Эдгээр ажлын хэсгүүд нь ШХАБ, ХАБГБ зэрэг байгууллагууд болон бусад механизмуудтай ойлголцон ажиллах болно. Тус бүс нутгийн орнуудын л гаргасан шийдвэрийг үндэслэн харилцан үйлчлэх ёстой нь энэ бага хурлын үзэл санаа нь юм гэж Сергей Лавров мэдэгдлээ.

Эвслийн цэргийг 2014 онд гаргасны дараа тус бүс нутагт болон Афганистанд эрсдэл улам ихсэн нь гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ. Олон улсын хүчин аюулгүй байдлын үүднээс алан хядах ажиллагаа болон мансууруулах бодисны сувагтай хийх тэмцэлээ улам үр ашигтай болгож өөрийн мандатаа хэрхэн биелүүлж байгаа тухайгаа НҮБ-ын АЗ-д илтгэх ёстой гэж оросын ГХЯ-ны тэргүүн мэдэгдлээ.