Манай өнөөдрийн “Орос орноор аялъя“ булангаар тус орны зочлох ёсны тухай ярья.Таныг орос найз чинь гэртээ зочлохыг урьсан тохиолдолд та зочин юуг мэдэх ёстой вэ?

Гэрийн эзэд таныг гэртээ зочлохыг урих нь тантай дотны найрсаг харилцаа тогтоох хүсэлтэйг илтгэнэ. Таныг аль нэгэн зоогийн газар урьж болох л байсан. Гадаадын ихэнх оронд энэ нь хэвшил болсон зүйл. Харин оросууд гэрийн хоолыг зоогийн газрын хоолноос илүү амттай гэж үздэг. Тиймээс зочныг найрсаг сайхнаар хүлээн авъя гэхдээ гэртээ урьдаг юм.

Айлд зочлохдоо бэлэгний тухай бодох хэрэгтэй. Юу авч очвол гэрийн эздэд таалагдах вэ? Хэрвээ зочин гэрийн эздээс ингэж асуувал тэд :Юу ч хэрэггүй. Өөрсдөө л ирцгээ” гэж хэлнэ. Энэ бол ердөө ёс төдий хариулт.Гэрийн эздэд анхаарал тавьж хамгийн даруухан бэлэг авчирсан ч тэд дуртай байх болно.

Гэрийн эзэгтэйд цэцгийн баглаа барихад тэд баярлана. Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй.Оросууд хүнд цэцэг барихдаа сондгой тоотой цэцэг бэлэглэдэг. Учир нь тэгш тоотой буюу хоёр, дөрвөн ... ширхэг цэцгийг оршуулганд ирэхдээ авчирдаг.

Эмэгтэй хүнд барих цэцгийн баглааны оронд бялуу юм уу, хайрцагтай шоколад өгч болно. Хүүхдүүдийг үнэтэй биш тоглоом юм уу, амттанаар баярлуулна. Гэрийн эзэнд нэг шил цагаан дарс юм уу, конъяк бэлэглэхэд тохиромжтой. Зочдын авчирсан идээг ширээн дээр тавьдаг ёстой.

Айлд зочлохдоо товлосон цагтаа очдог. Гэхдээ бага зэрэг өөрөөр хэлбэл хагас цаг хүртэл хождоход гэмгүй. Хоцорсон зочдыг удаан хүлээдэггүй, зочдын олонхи ирсэн байхад ширээнд суудаг. Хоцорч ирсэн хүмүүст шийтгэл хүлээлгэдэг. Тэд цугларсан хүмүүсийн хөгжилтэй яриаг сонсч, “торгуулийн” хундагыг ёроолд нь хүртэл уудаг. Зөвхөн үүний дараа л тэдэнд суух зөвшөөрөл олгоно.

Бүх зочид цугларлаа. Цардлагатай бүтээлэгтэй зочны ширээ төрөл бүрийн идээ будааг дааж ядаж байна уу гэлтэй харагдана. Энэ бүгдийг үнэлэхийн тулд ширээн дээрхийг гүйлгэн харахад л хангалттай. Зочид яаж ч хичээгээд, эдгээрийг барна гэж үү. Энэ бол харин жинхэнэ орос зочлох ёс . Хүйтэн зуушнаас эхэлж иднэ. Зочин хүссэн зуушаа тавган дээрээ таслаж авна.

Эмэгтэй хүний дэргэд сууж байгаа эрэгтэй хүн түүнд үйлчлэх ёс бий. Гэртээ даран байцаа, өргөст хэмх болон модны мөөг нь маш амттай. Ширээн дээрх том тавган дээр гахайн утсан мах, шувууны мах, төрөл бүрийн хиам нарийхан хэрчиж тавьжээ. Мэдээж хэрэг загасны мах төрөл бүрээрээ байна. Гэрийн эзэд зочдоо дээд зэргээр дайлах гэхдээ гар татдаггүй. Энд загасны түрс, севрюга осетрина зэрэг хилэм загасны төрлүүд байна. Тэгээд бас айл бүрийн баярын ширээн дээр залардаг “оливье” буюу, монголчуудын нэрлэж заншсан “нийслэл” салат байна.Хоолоо шингээхэд водка буюу цагаан архи гайхалтай зохицоно.

Водка буюу цагаан архи нь оросоос гаралтай сархад юм шүү. Энэ сархад орос найрын ширээнд сайхан таардаг. Одоо цагт хөргөгчний водка-ны даруулга болгон ургамлын тостой сельд загасыг чанасан төмсний хамт тавьдаг. Водка архийг давсалсан өргөст хэмхээр даруулахад сайхан. Ташрамд хэлэхэд, орос архийг 8-10 С хэм хүртэл хөргөж уухад зохимжтой юм. Водкаг хэрэглэхдээ яаралгүй, айван тайван хэрэглэх ёстой юм шүү. Ер нь водкад бусад тансаг хоолны нэгэн адил хүндэтгэлтэй хандах ёстой.

Водка архи нь эрэгтэйчүүдийн ундаа. Эмэгтэйчүүд оргилуун дарс юм уу, усан үзмийн чихэрлэг дарс уухыг илүүд үздэг. Боловсон ёсонд зочдод шар айраг тавьдаггүй, яагаад гэвэл шар айраг хүндэтгэлийн идээнд ордоггүй. Водкаг жижиг хундагаар хундаганы үг хэлсний дараа тулгаж уудаг. Оросууд “хундаганы үгэндээ” юу хэлдэг вэ? Ихэнхи тохиолдолд энэ нь эрүүл энхийн төлөө хундага байдаг. Мөн заавал хундага өргөж үг хэлэх хоёр тохиолдол бий. Энэ нь “Гэрийн эзэгтэйн төлөө” болон “эмэгтэйчүүдийн төлөө” хундага өргөх юм. Ээлжит хундаганы үг хэлсний дараа бүгд хундагаа өргөн тулгаж, дуустал нь уух ёстой.

Орос тосгонд лонхтой архи дуусахаар гэрийн эзэгтэйг хүлээлгүй, хэн нэг нь лонхыг ширээний дор тавих ёстой бичигдээгүй хууль байдаг. Эс тэгвээс муу юм болно гэж үздэг Ширээн дээр гар ч хүрээгүй олон төрлийн зууш байна, Гэрийн эзэгтэй халуун хоол тавьж эхэлнэ. Эхлээд шарсан, жигнэсэн махыг ногоогоор хачирлан дайлдаг. Харин загасны төрлийн хоолыг халуунаар өгөх нь ховор. Орос зочлох ёсны хамгийн гол чанар нь эрт дээр үеэс уламжлан ирсэн дэг жаяг юм. Зочлох ёс нь гэрийн эзэд дайлж, зочид нь идэх гэж бус хоорондоо ярьж хөөрч, тэдэнд хүндэтгэл үзүүлж буйгаа даруухнаар харуулахыг эрхэмлэдэг. Гэрийн эзэд хоол тус бүрийг хэд дахин санал болгож хоол амттай хэмээн магтан тайлбарлана. Жишээ нь, гэрийн эзэгтэй “энэ мөөгийг өөрсдөө даршилсан “, харин пирожкийг манай охин хийсэн” гэх зэргээр ярьдаг. Өмнө нь хэдэнтээ татгалзсан зочин, эцэст нь санал болгосон хоолыг амтлан зооглодог. Идэхгүй бол гэрийн эзэд гомдоно. Ер нь оросууд элдэв тайлбарыг хүлээж авдаггүй, хэтрүүлэн иддэгийг гадныхан тэмдэглэн үлдээсэн байдаг.

Мэдээж хэрэг, зочид айлд уригдахдаа зөвхөн амттай хоол идэх гэж ирдэггүй нь ойлгомжтой. Одоо цагт хүнсний зүйл элбэг дэлбэг болсон нь хүн бүр хүнсээр элбэг хангагдсан байдаг.Зочид урих нь ширээний найрсаг яриа хөөрөө юм. Гэхдээ бас өөрийн өвөрмөц онцлогтой.Тухайлбал, юу ярих вэ. Оросууд чин сэтгэлээсээ ярилцах дуртай. Ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд хувийн асуудлаа нилээд илэн далангүй ярьдаг . Өнөөгийн орос залуус 10-15 жилийн өмнөх шигээ улс төрийг сонирхохоо байсан. Ихэнхи хүмүүсийн хувьд амьдралын хамгийн үнэт зүйлс нь: нэгдүгээрт, гэр бүл; хоёрдугаарт, найрамдал, нөхөрлөл; гуравдугаарт, хайр сэтгэл аж . Тэд Орос болон дэлхийн дахины улс төрийн байдлыг бүр аравдугаарт тавьжээ. Энэ тухай сүүлийн үеийн нийгмийн санал асуулгын дүн өгүүлжээ.

Хэд хэдэн хундаганы дараа яриа сонирхолгүй болж, зочид дууны дугараа эхлүүлнэ. Тэр даруйд нь бусад нь дэмжин авч дуулдаг.

Энд тэдний дуулах дуу ноотондоо таарахгуй болон үгийг хольж солих нь тийм ч их чухал юм биш. Хамтран дуулах нь хүмүүст санаа нэгдэж буйн мэдрэмж төрүүлж, биенээ сайн ойлголцдог. Ширээний дууны хөтөлбөр маш олон төрөлтэй байдаг.Ихэнх нь ардын дуунууд төдийгүй сонгодог романсууд, орчин үеийн эстрадын хит дуу ч байдаг.

Орос зочлох ёс цай ууцгааж өндөрлөдөг. Цай нь голдуу хар байхуу цай уудаг.Орост зарагдаж буй цайны 80 % хар байхуу байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ногоон цай болон төрөл бүрийн жимстэй, ургамлын цайны хэрэглээ ч нилээд өсч байна. Тэд ч энэ төрлийн цайг амттай, ашигтай гэж үздэг байна. Сонирхуулахад, Орост халуун цайг дангаар нь уудаггүй, заавал ямар нэгэн нарийн боов юм уу, чихэр шоколад зэрэг амттантай хэрэглэдэг.