Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ болон Лалын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан нар утсаар ярьж, Сирийн асуудлаар бага хурлыг зарлан хуралдуулах төлөвийг авч үзэж хэлэлцэв. Оросын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газраас уламжласнаар тэд Аннаны санаачилгаар ярилцлаа. Ийм бага хурлыг амжилттай болгохын тулд хамгийн гол нь бүс нутгийн тэргүүлэх улс орнуудыг ажилд нь оролцуулах хэрэгтэй гэж Лавров үзэж байна. Бага хурлын зорилго Сири улсад цуст ажиллагааг зогсоох, сирийн оршин суугчид төр улсынхаа ирээдүйн асуудлаар шийдвэр гаргах улс төрийн үйл явцыг эхлүүлэхэд оршино гэж ГХЯ-ны мэдээлэлд тэмдэглэжээ. Сири улсыг хямралт байдлаас гаргахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухал гэж Аннан тэмдэглэжээ. Лавров ярианы явцад Сирид НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх тал НҮБ-ын ажиглагчдын аюулгүй байдлыг хангах ёстой гэж Сергей Лавров онцлов.