Египетийн ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгууль эхэллээ. Санал хураалт 6-р сарын 16, 17 өдрүүдэд явагдаж хоёр өдөр үргэлжлэнэ. 2 дахь шатны сонгуулийн бэлтгэл онцгой нөхцөлд болсон. Сонгууль эхлэхээс хоёр өдрийн өмнө Египетийн Үндсэн хуулийн Цэц парламентын доод танхимын бүрэлдэхүүнийг хууль бус хэмээн үзэж парламентыг тараав.

Биеэ дааж нэр дэвшсэн хүмүүс парламентын бүх суудлын гуравны нэгийг эзлэх ёстой байв. Гэвч нэгэн мандаттай тойргийн сонгуульд улс төрийн намуудын төлөөлөгчид оролцсон юм. Энэ нь Египетийн парламентын доод танхимын сонгуулийн үр дүнг хүчингүй болгох ёс төдий шалтгаан боллоо. «Лалын ахан дүүс» бүлгийн шахалтаар улс төрийн намын төлөөлөгчдийг мөн сонгуульд оролцуулсны улмаас биеэ даасан депутатууд дөнгөж 25 суудал эзлэж, бусад бүх суудал «Лалын ахан дүүс» бүлгийн төлөөлөгчдэд ногдов. Иймээс Египетийн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр лалын хэт даврагч бүлэгт хүчтэй цохилт өгсөн. Улс орны хууль тогтоох гол байгууллагад тэргүүлэхийг оролдсон бүлэг хожигдсон байна.

Урьдын дэглэмийн ажилтнуудыг тусгаарлуулахад чиглэгдсэн улс төрийн намуудын хууль гэгчэд оруулах засваруудыг хууль бус хэмээн Үндсэн хуулийн Цэц үзсэн явдал 2 дахь цохилт боллоо. Шуух ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Ахмад Шафик сонгуульд оролцох эрхтэйг батлав. Одоо тэрээр ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуульд «Лалын ахан дүүс» бүлгийн төлөөлөгч Мухаммад Мурситай өрсөлдөж байна. «Одоо хууль тогтоох санаачилга дэвшүүлэх эрхээ сэргээнэ. Египетийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссыг байгуулж эхлэнэ» гэж одоо засгийн эрхэнд байгаа Зэвсэгт хүчний дээд зөвлөл парламентыг тараасны дараа мэдэгдэв.

Мэдээжээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүдийг улс төрийн бүлгийнхэн нэг утгаар унэлээгүй. Эрх баригчдаас сонгуулийн үр дүнг гуйвуулж мэднэ гэж лалын бүлгийн төлөөлөгчид мэдэгдэв. Тэгвэл хувьсгал ахин хийнэ гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Мухаммад Мурси амлав. Нөгөө талаас хувьсгалт хүчин урьдын дэглэмийн ажилтнуудыг тусгаарлуулахаас татгалзсанд дургүйцэж байна. Ахмад Шафик бол ерөнхийлөгч асан Хосни Мубаракын томилсон сүүлчийн ерөнхий сайд юм. Иймээс тэрээр хуучин дэглэмийн бэлэгдэл болсон.Тэр Египетийн ерөнхийлөгч болох ёсгүй гэж тэд үзэж байна.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Египетийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах байсан Үүсгэн байгуулах ассамблей ч хүчингүй болов. Одоо египетийн оршин суугчид бүх үйл явцыг бүр эхнээс арга буюу явуулж эхлэх ёстой гэж арабын улс төр судлаач Аля аль-Халявани үзэж байна. Түүний хэлснээр парламентыг тараана. Египетийн шинэ ерөнхийлөгч парламентын шинэ сонгууль явуулах өдөр хугацаа тогтооно.

«Египетийн зэвсэгт хүчний дээд зөвлөлөөс нийтлүүлсэн Үндсэн хуулийн тунхаглалд хэдэн засвар оруулах бололтой. Эдгээр засвар Египетийн ирээдүйн Үндсэн хуулийг боловсруулах Үүсгэн байгуулах ассамблейг эмхлэн байгуулах журам тогтооно. Өөр нэгэн хувилбар ч байгаа. Эхлээд Египетийн шинэ парламентыг сонгоно. Дараа нь парламент Үүсгэн байгуулах ассамблейг эмхлэн байгуулна гэж Али аль-Халявани хэллээ» гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ямар байсан ч Египетэд улс төрийн тэмцэл намжихгүй. Нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Ахмад Шафик сонгуульд ялвал «Лалын ахан дүүс» бүлэг «египетийн гудамжны бүх жагсаалыг» түүний эсрэг чиглүүлж, хувьсгал ахин хийхээ нуухгүй байна. Нэр дэвшэгч Мухаммад Мурси түрүүлвэл нөхцөл байдлаар завшиж өөртөд нь ашиг тустай зүйл олохыг аль болохоор оролдоно.

Найр тавих хувилбар ч бий. Тухайлбал Ахмад Шафик ерөнхийлөгчээр сонгогдвол «Лалын ахан дүүс» бүлгийн төлөөлөгчийг ерөнхий сайдаар томилж мэднэ. Тэгвэл мөн бүлэг улс орныхоо парламентад байр сууриа сэргээх боломжтой болно. Гэвч сонгуульд ялагч хүчний харьцаанаас үл шалтгаалан улс төрийн хүчит этгээд болсон египетийн армийн ашиг сонирхолыг харгалзах ёстой. Арми хуаранд буцсан ч төр засгийн ажил үйлсэд үүргээ хэвээр хадгалах бололтой.